Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Залуус, өсвөр үеийнхэнд бэлгийн боловсрол олгох төв үүдээ нээлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 0 секунд

Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн хамт олон өнөөдөр өсвөр үеийнхэнд хэрэгтэй нэгэн шинэ төвийн үүдийг нээлээ. Шинэ үеийнхэнд зориулсан энэхүү бэлгийн боловсрол олгох төв нь Улсын их дэлгүүрийн баруун талд орших “Пийс тауэр”-ын баруун хаалгаар ороод есөн давхрын 901 тоот өрөөнд байрлаж байна. Өсвөр үеийнхэн залуу гэр бүлүүд тэр ч бүү хэл цэцэрлэгийн насныхан ч энэхүү төвөөр үйлчлүүлэх боломжтойгоороо онцлог. Өсвөр үеийнхэнд бэлгийн боловсрол олгох төвийн нээлтэд Хятад, Филлипин, Тайвань, Зүүн ба зүүн өмнөд бүсийн далайн залуучуудын холбооны төлөөлөгч нар гээд олон газраас төлөөлөгчид ирж оролцож байна. Бид Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн залуучуудын хөтөлбөрийн менежер Б.Уранзаяатай уулзаж зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Манай байгууллага 30 жилийнхээ ойн хүрээнд энэхүү бэлгийн боловсрол олгох төвийг нээж байгаа. Бид цэцэрлэгийн насны хүүхдүүдээс эхлээд зөвлөгөө мэдээлэл өгч үйлчилнэ. Мөн шилжилтийн насныхан хүрч ирээд сарын тэмдгийн талаар чөлөөтэй ярилцаж ариун цэврийн хэрэглэлийг хэрхэн хэрэглэх талаар заалгаж болно. Манай төв 17 аймаг дахь салбараараа дамжуулж өсвөр насныханд мэдээлэл хүргэдэг. Мөн үе тэнгийн сургагч багш нарг бэлтгэж байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд зөвхөн Улаанбаатар хотын “Асай” өсвөрийн эмч нарын клубийнхэн маань оролцож байна. Энэ мэтчилэн олон хүүхэд аймаг бүрт бэлтгэгдсэн. Жишээлбэл, би өнгөрсөн сард Говь-Алтай аймагт ажиллаад ирлээ. Тэнд л гэхэд нэлээд хэдэн сургагч багш ажиллаж байна. Энэ хэрээр үе тэнгийнхний бэлгийн боловсролын мэдлэг ч гэсэн дээшилж байгаа гэж найдаж байна” хэмээн ярилаа. Бид мөн Баянгол дүүргийн үе тэнгийн сургагч багш, АШУҮИС-ийн лицей сургуулий сурагч Ц.Хулантай уулзлаа. Тэрбээр “Би өсвөрийн сургагч багшаар бэлтгэгдээд таван сар болж байгаа. Би өөрөө Баянгол дүүрэгт амьдардаг. Гэхдээ Баянзүрх дүүрэгт байрлах сургуульд сурдаг. Өсвөрийн сургагч багш болсноосоо хойш гурван сургуулийн хүүхдүүдэд бэлгийн боловсролын талаар мэдээлэл хүргэсэн. Манай үе тэнгийнхэн бол одоо биднийг сайн сонсож ойлгодог болсон. Ээж аавтайгаа ярилцахаас илүү бидэнд сэтгэлээ нээх нь илүү байдаг гэж үеийнхэн маань хэлдэг. Бид өөрсдөө бас бүрэн дүүрэн мэдлэг олгож чадахгүй тохиолдолд багшаасаа дэмжлэг авдаг. Надтай нэг хүнд асуудал тулгарч байсан. Зарим нэг сургалтад яригдаж байгаагүй илүү хүнд түвшний тодорхой хэлбэл үр хөндүүлэх талаар нэг охинтой ярилцсан. Гэхдээ ийм сэдвээр зөвлөхөд надад бас их хүнд байлаа” гэж ярьсан юм. Өсвөр үеийнхэнд бэлгийн боловсрол олгох төвд хүүхэд залуусын сонирхол татах зүйлс элбэг байна. Үр хөврөл тогтохоос эхлээд төрөх хүртэл хүүхэд хэрхэн томордог тухай үзүүлэн, хүний биеийн бүтцийг харуулсан манекан, жирэмслэлтээс хамгаалах олон төрлийн хэрэгслүүд зэргийг ханандаа байрлуулсан нь олны анхаарлыг татаж байлаа. Түүнчлэн цэцэрлэгийн насныханд зориулсан эрүүл мэндэд хохирол учруулдаг хүнсний бүтээгдэхүүний талааар мэдлэг олгож тестлүүлэх хэсэг ч нээлтэд очсон зочдын сонирхлыг татаж байв.

Он гарсаар нийт 298 авлигын гэмт хэрэг бүртгэгджээ
Он гарсаар нийт 298 авлигын гэмт хэрэг бүртгэгджээ
 
Ядуурал, хүнсний аюулгүй байдлын талаар улс орнуудын төлөөлөгчидтэй туршлага солилцлоо
Ядуурал, хүнсний аюулгүй байдлын талаар улс орнуудын төлөөлөгчидтэй туршлага солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.