Монгол Улсын Засгийн газар 2022-2023 оны хичээлийн жилд 2-5 насны хүүхдийг цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд бүрэн хамруулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд дүүргүүдийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 31,788 хүүхэд амьдарч байгаа. Тус дүүргийн хэмжээнд өнөөдрийн тооцооллоор хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 92,3 хувьтай байгаа юм. Энэ ондоо багтаан хамрагдалтыг 100 хувьд хүргэхээр зорьж байгаа. Сонгинохайрхан дүүргийн тухайд ерөнхий сайдын 218 дугаар захирамжийн хүрээнд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хаалга тус бүрийн ард байгаа хүүхдийн тоог хороо тус бүрээр нь нарийвчлан гаргаж байна. Тус дүүргийн 7, 36, 41 дүгээр хороодод нэмэлт зохицуулалт хийхээр ажиллаж байна.
Иймд иргэн та Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, холбогдох журам, стандарттай танилцаж, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 10 хүртэл харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт гаргах боломжтой.