Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

5-11 насны 500 мянган хүүхдийн 25.7 хувийг дархлаажуулна

Ангилал
Хүүхэд, гэр бүл
Огноо
Унших
6 минут 36 секунд

Цар тахлын халдвар өндөртэй 10 орны нэгдүгээрт Япон улс орж байгаа бол БНСУ удаалж байна. Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар улам нэмэгдэж байна. Тодруулбал, долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбар давамгайлж байна. Нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна. Улсын хэмжээнд 1810 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэн хүнд хүн 1.8 хувийг эзэлж байгаа бол 9.6 хувь нь хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлагатай өвчтөн байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой байгаа.

Мөн 5-11 насныхан болон 12-17 насныханд бас дархлаажуулалт хийх сайдын тушаал шийдвэрийг гаргахдаа олон улсад хийж буй вакцинжуулалтын үр дүн, олон улсын судалгаа шинжилгээний үр дүн, Монголын дотоодын судалгааны үр дүн, олон улсын мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвшөөрөл, ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүдийн шийдвэр гэх мэт маш олон шат дамжлагыг дамжин баталдаг эрх зүйн акт юм. АНУ 2021 оны аравдугаар сараас эхлэн хүүхдийн дархлаажуулалтыг эхлүүлж, нийт 8.5 сая хүүхдийг хамруулжээ. Хэсэг газрын болон ерөнхий урвал хүндрэлээ бүртгэсэн. Энэ судалгаанаас харахад насанд хүрэгчдэд хийсэн "Файзер" вакцины хүндрэлээс хүүхдийн вакцины урвал хүндрэл бага байна. Өмнө нь улайж, хавдах, халуурах шинж тэмдэг ихгүй илэрдэг гэсэн судалгаа гарчээ. Европын холбооны хэд хэдэн улсууд аль хэдийнэ хийж эхэлсэн байна. Манай төв дархлаажуулалтын дараах урвал хүндрэл, эсрэг биеийн хэмжээ, вирусийн хувилбараас хамаарч вакцины идэвх хэр байгааг судалж байна. Өнгөрсөн хугацаанд 90 гаруй судалгааг хийж, эхний эмхэтгэлээ гаргасан. Одоо хоёр дахь эмхэтгэлээ гаргах гэж байна.

Хамраас нус гоожих шинж тэмдэг илэрнэ

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан, лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Г.НАВЧАА:

-Цар тахлын халдварын омикрон хувилбарын BA.4, BA.5 хувилбар ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх шинж тэмдэг илэрч байна. Халуурах, хоолой өвдөх, шинж тэмдэг давамгайлж байна. Энэ удаагийн хувилбарын нууц үе богино учраас халдвар хурдтай тархах байдал ажиглагдаж байна. Нийт хүмүүсийн 66 хувьд хамраас нус гоожих шинж тэмдэг илэрч байна. Тиймээс маск зүүж, өөрийгөө тусгаарлан гэрээр эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Мөн хоолой хорсч, өвдөж байгаа бөгөөд гэртээ халуун бүлээн шингэн сайн уух хэрэгтэй. Энэ удаа эрсдэлт бүлгийн хүмүүсийг эмнэлэгт хэвтэн эмчилнэ. Эмнэлэгүүд ажлын өдөр 20:00 цаг, амралтын өдөр 15:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана.

НЭМҮТ-өөс хийсэн судалгаанаас харвал цар тахлын мэдлэгийн түвшин иргэдийн дунд буурсан байна. Мөн 2020 онд хүн амын 90 гаруй хувь нь айдастай байсан бол одоо 20 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан. Иргэд амны хаалтаа зүүж дадсан байна. Гар угаах дадал 2020 онд муу байсан бол 2022 онд маш сайн хэвшиж, дадал болсон байна гэдгийг мэргэжилтнүүд онцлов.

"Хоёр дахь тунг хичээл эхлэхээр цэцэрлэг, сургууль дээр нь зохион байгуулна"

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны тандалт, мониторингийн тасгийн эрхлэгч В.БАЙГАЛЬ:

-ХӨСҮТ-ээс салбарын нийт эмч ажилдаа сургалтад бүрэн хамруулж, наймдугаар сарын 1-нээс хүүхдийн дархлаажуулалтыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тухайн насны хүүхдийн вакцинд хамруулснаар эндэгдлээс 90-95 хувь хамгаална гэсэн үр дүн гарсан. Монгол Улсын Хүний эмийн зөвлөл 2022 оны долдугаар сард тухайн вакциныг бүртгэж авсан. Хүүхдийг нэг сарын зайтай хоёр удаа дархлаажуулна. Хүүхдэд зориулсан найрлага, агууламж бүхий улбар шар өнгөтэй. Эцэг эхчүүдэд таниулах зөвшөөрлийн хуудсыг танилцуулж, сайн дурын үндсэн дээр хийнэ. Хүүхдийн дархлаажуулалтыг сум өрхийн эрүүл мэндийн төвд хийх бол хоёр дахь тунг есдүгээр сарын 1-нд хийхтэй холбоотой цэцэрлэг сургууль дээр зохион байгуулна.

Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянга гаруй хүүхэд бий. Эдгээрийн 25.7 хувийг дархлаажуулахаар төлөвлөж буй. Одоо цар тахлын халдварын тав дахь давалгаа эхэлж байгаа учраас наймдугаарс сард эхний тун, есдүгээр сарын 1-нд хоёр дахь тунгаа хийлгэнэ. Аль ч вакцинжуулалтын дараа тодорхой хэмжээний хариу урвал өгдөг. Тарьсан хэсэгт улайрч, хөндүүрлэдэг. Энэ бүх судалгааг олон улсад хийж, гаргасан байгаа.

"Манай улсад сармагчны цэцэг өвчин тархах эрсдэл дунд гэсэн үзүүлэлттэй гарсан"

ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.СУВДМАА:

-Сармагчны цэцэг өвчин анх тавдугаар сард бүртгэгдэж байсан бол дэлхийн зургаан бүсийн долоон улсад бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд Камбожи улсад долдугаар сарын 23-нд бүртгэгдсэн.Монголд салбар хоорондын долоон байгууллага оролцож, гурван удаа эрсдэлийн үнэлгээг хийгээд байна. Эрсдэлийн үнэлгээгээр Монголд тархах эрсдэл “дунд” гарсан. Ихэвчлэн зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудыг анхан шатны эмнэлэгт илэрсэн. ДЭМБ-ын зөвлөмжийг үндэслэж, эмчилгээний түр зааврыг баталсан. Гаалийн хорио цээрийн байцаагчидтай хамтран иргэдээс асуумж авч байгаа. Эмч мэргэжилтнүүдэд цахимаар сургалт зохион байгуулж, зөвлөмжийг өгч буй.

Гурван цэцэрлэг, өргөтгөлийн хоёр барилга ашиглалтад орно
Гурван цэцэрлэг, өргөтгөлийн хоёр барилга ашиглалтад орно
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.