Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны долдугаар сарын 4-ний өдрийн “Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-ний жагсаалтыг шинэчлэн баталсан.
Шинэчилсэн жагсаалтад 159 ерөнхий нэршлийн, 590 худалдааны нэршлийн эм багтсан бөгөөд эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, мэргэжлийн холбоод зэргээс ирүүлсэн ерөнхий нэршлийн болон худалдааны нэршлийн эм шинээр оруулах, өөр тун хэмжээтэй эм оруулахаар хүсэлтүүдийг судалж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын “Аргачлал шинэчлэн батлах тухай” А/102 дугаар тушаалын хөнгөлөлт олгох эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох шалгуурт нийцсэн эмүүдийг жагсаалтад нэмсэн байна.
Олон улсад ашиглагддаг уналт таталт өвчний эмнэлзүйн удирдамжид уг өвчний үндсэн эмчилгээнд 21 төрлийн ерөнхий нэршлийн эм хэрэглэнэ гэж заасны дагуу ерөнхий болон худалдааны нэршлийн эмүүдийг жагсаалтад оруулсан бөгөөд төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад тусгагдсан тархины саажилт, уналт таталттай хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг 0-19 насны хүүхдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувиар хөнгөлөлт олгохоор болсон.
Хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтад шинээр орсон 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, нийлүүлэгдэх бөгөөд иргэд, даатгуулагч нь чанартай эмийг санхүүгийн ямарваа нэг эрсдэлгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн хөнгөлөлттэй худалдан авах нөхцөл, бололцоо бүрдэх болно.
Даатгуулагч-иргэдэд хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг ойртуулах, хүндрэл чирэгдэлгүй хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч хөнгөлөлттэй эмийн цахим жорыг бичих боломжтой болсон бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс олон улсын эмнэлзүйн удирдамж, ABCD ангиллын дагуу эм бичих ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Эх сурвалж: ЭМДЕГ