Гадаадын иргэн харьяатын газраас хууль бусаар галт зэвсэг эзэмшиж, зөвшөөрөлгүйгээр ан агнасан гадаадын иргэдийг шалгаж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгчээ. Тус газрын зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат "Хяналт шалгалтаар нэр бүхий аж ахуйн нэр дээр Монгол Улсад ажлын болон жуулчлалын визээр ирсэн гадны иргэд хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн, ашиглан ан хийсэн, төрийн тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүй зорчсон гэх мэт хэргийг илрүүллээ. Хэргийг холбогдох байгууллагад шилжүүлсэн. Шалгагдаж буй иргэд Саудын Араб болон Йордан улсын нийт долоон иргэн энэ оны зургаадугаар сард ирсэн. Тухайн иргэдийг Монгол Улсад урьж ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийг мөн ижил хэрэгт холбогдсон байгууллагуудыг дахин гадаадын иргэн урих эрхийг хязгаарлах болон тухайн гадаадын иргэдийн гаргасан үйлдэлд холбогдох зөрчлийг арилгуулах зорилгоор торгуулийн арга хэмжээ болон хуульд заасан бусад арга хэмжээг авч ажилладаг" гэлээ.