Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалын дагуу Авто тээврийн шалган нэвтрүүлэх зургаан товчоо болон хяналтын цэгт 24 цагаар байнгын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Хяналт шалгалтын багийнхан өнгөрсөн сарын нэгнээс энэ сарын 10-ны хооронд 16 удаагийн тохиолдлоор 32 ширхэг тарвага тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлжээ. Хураасан тарвагыг ЗООНОЗ өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч тахлын шинжилгээнд хамруулан, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулж хохирол нөхөн төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлсэн байна. Мөн холбогдох зөвшөөрөлгүй 4 ширхэг загас, 2 ширхэг хар үнэг, 41м3 мод тээвэрлэн Улаанбаатар хотод нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.