Монгол Улсын хил дамнасан шууд худалдааны платформын нээлт цахим хэлбэрээр БНХАУ-ын Нинься Хотон Үндэстний Өөртөө Засах Орны Инчуань хотод болон Улаанбаатар хотод нэгэн зэрэг болж өнгөрлөө. Хятад-Монголын импорт, экспортын худалдааны B2B цогц үйлчилгээний платформ нь Хятад, Монголын аж ахуйн нэгжүүдэд олон улсын тээвэр, гаалийн бүрдүүлэлт, агуулах, хууль эрх зүй, даатгал зэрэг олон талаар үйлчилгээ үзүүлж чадах бөгөөд үүнтэй холбогдох бизнесийн үйл ажиллагааны зардлыг маш үр дүнтэй бууруулж, цаашид бизнесийн захиалгыг өргөжүүлэн, гүйлгээний хугацааг богиносгох боломж нээжээ.
Энэхүү шууд худалдааны платформ нь Хятад-Монгол-Англи хэлний сонголттой бөгөөд нийлүүлэгч-худалдан авагч талууд шууд холбогдож захиалга хийх, түүнчлэн гаалийн бүрдүүлэлт, тээвэр логистик зэргийг багтаасан худалдан авалтын цогц системийг ашиглан бараагаа хаана, аль шатанд явааг хянах боломжтой аж.
Хил гааль хаалттай, бизнес эрхлэгчид харилцан зорчих уулзах боломжгүй өнөө үед худалдааны платформыг байгуулах нь хоёр орны худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны боломжийг нээх, өөр хооронд нь холбогдоход томоохон хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.