Их тойруу болон түгжрэлд нөлөө бүхий газруудад байршдаг сургуулиудын хичээллэх цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэрийг 2022 оны эхэнд гаргаж, 2021-2022 оны хичээлийн жилд дагаж мөрдсөн. Энэхүү шийдвэр шинэ хичээлийн жилд хүчин төгөлдөр үйлчлэх магадлалтай байна. Авто замын ачаалал ихтэй бүсэд төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36 сургуульд нийтдээ 85 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Тэдний 28.1 хувь нь такси болон хувийн унаагаар хичээлдээ явдаг гэсэн судалгаа бий. Тиймээс дээрх 59 сургуулийг байршил, зорчих хөдөлгөөний урсгалаар нь бүсчлэн ялгамжтай цагийн хуваарьт шилжүүлсэн.
Өнгөрсөн хичээлийн жилийн хоёрдугаар хагаст хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулснаар замын хөдөлгөөний ачаалал 07:00-09:00 цагийн хооронд 28.4 хувиар буурсан дүн гарчээ. Түүнчлэн сургуулийн багш ажилчид, сурагчдын эцэг эхчүүдээс судалгаа авахад 59 сургуулийн 47 нь цагийн хуваарийн өөрчлөлтийг дагаж мөрдөхөд ямар нэгэн хүндрэлгүй байсан гэсэн хариу өгчээ. Үлдсэн 12 сургуулийн сурагчдын эцэг эх, багш нарын хувьд хичээллэх цагаа өөрчлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэхүү судалгааны дүнд үндэслэн Их тойруу болон түгжрэлд нөлөө бүхий байршилд буй сургуулиудыг ялгамжтай цагийн хуваарийг мөрдүүлэх саналыг Нийслэлийн Боловсролын газраас боловсруулан НЗДТГ-т хүргээд байгаа ажээ.