ШӨХТГ-аас Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж буй ачаа тээврийн үнэ тариф, түүнийг бууруулах нөхцөл шалтгааныг тодруулах, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх санал солилцох уулзалт зохион байгуулжээ. Уулзалтад Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудын төлөөлөл оролцсон байна.
2022 оны 09 дүгээр сарын 06-ны байдлаар Замын Үүдэд Улаанбаатар хот руу зөөх 1200 гаруй чингэлэг, Улаанбаатарт 1383 чингэлэг, төмөр замын дагуу зөрлөгт 600 орчим, нийт ачаатай, ачаагүй 5000 гаруй чингэлэг хөдөлгөөнгүй зогссон тул бөөгнөрөл үүссэн байна. Үүний улмаас ачаа түргэн шуурхай олгогдохгүй, вагон ашиглалтын зардал, чингэлгийн түрээс, хүлээлгийн зардал өндөр гарч байгаа бөгөөд тээвэр зуучлагч нарын зүгээс тулгамдсан асуудлуудаа нэгтгэн ШӨХТГ-т ирүүлж, ШӨХТГ холбогдох төрийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэх талаар санал солилцлоо. ШӨХТГ-с УБТЗ-тай хамтарсан ажлын хэсэг гарган дээрх асуудлуудыг шийдвэрлэх талаар ажиллах юм байна.