Сонгинохайрхан дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга бөгөөд Улсын ахлах бүртгэгч Г.Цэцэгдуламтай ярилцлаа.
-Сүүлийн үед иргэд овгоо солиулах болж. Энэ нь ямар шалтгааны улмаас солиулах хүсэлтээ танайд хандаж байна?
-Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу иргэд овгоо солиулах хүсэлтээ гаргадаг. Учир нь, хүүхдийн хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор гэр бүлээ батлуулаагүй эцэг, эхээс төрсөн хүүхдүүд анх төрсөний гэрчилгээгээ ээжээрээ овоглож авсан тохиолдол олонтаа байна. Сургууль соёлын мөр хөөх насанд хүрэхээр гэрлэлтээ батлуулаад хүүхдээ ааваар нь овоглуулж, сургуульд оруулах хүсэлтээ их өгсөн байдаг. Овог солиулах бүртгэл наймдугаар сарын 10-25-ны хооронд ихэсдэг. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс эцэг, эхийнх нь хүсэлтийн дагуу 91 хүүхдийн овгийг нь сольж, бүртгэн сургууль, цэцэрлэгтээ хамрагдсан байна.
-Овгоо солиулахад ямар бичиг баримт хэрэгтэй вэ?
-Биеэр ирж гаргасан өргөдөл, хүүхдийн төрсөний гэрчилгээ. Гэрлэсэн ээж, аав бол гэрлэлтийн гэрчилгээгээ барьж ирнэ. Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу ажлын 5 хоногийн дотор бүртгэл хийгдээд мэдээллийн санд ордог. Хүндэтгэн ирэх шалтгааны улмаас ирэх боломжгүй бол өргөдлийг нотиаратаар гэрчлүүлсэн байх шаардлагатай.
-Хамтран амьдрагч гэх нэр томъёонд хамаарагдаад байгаа хүмүүсийн хүүхдүүдэд ийм бичиг баримтын хүндрэл гардаг болов уу ?
-Манай байгууллагад хандаж үйлчилгээ авч байгаа үйлчлүүлэгчдийн дийлэнх хувь буюу 60 хувь нь залуус байна. Гэрлэлтээ батлуулаагүй тохиолдолд хамтран амьдрагч гэх хэцүү л дээ. Хуулийн нэршлийнхээ хүрээнд ч гэсэн. Бид бүртгэл, статистикаа харахаар гэр бүлийн цуцлалт ихсэх төлөвтэй байна. Энэ нь, залуусын гэр бүлийн боловсрол, мэдлэг дутуу, гэр бүлийн нандин харилцаа, үнэ цэнэ ухамсарлан ойлгоогүйгээс сөрөг үр дагавар гарч байна уу гэж хараад байгаа. Тиймээс манай хэлтэс дүүргийн Тамгын газартай хамтраад долоо хоногийн мягмар гараг бүрт залуу гэр бүлд зориулсан сургалт зохион байгуулж байна. Гэр бүл хүүхэд хөгжлийн хэлтэстэй хамтран хөтөлбөр гаргаж гэр бүл гэж юу вэ, гэрлэлт, эхнэр, нөхрийн үүрэг гэх мэт сэдвээр мэдээлэл өгч, хууль, практикийн жишэтэйгээр хийдэг уламжлалтай болохоор ажиллаж байна.
-Овгоо солиулахад эцэг, эх нь гадаадад байгаа гэсэн шалтгаанаар хүүхэд хохирсон тохиолдол гарсан уу. Хүндрэл бэрхшээл байдаг уу?
-Хүндрэл байхгүй дээ. Хэрвээ ээж, аавын аль нэг нь гадаадад байдаг тохиолдолд тухайн улсын элчин сайдын яаманд хандан иргэний хүсэлтийг явуулж шийдвэрлэдэг.Солонгост харласан гэж байвал итгэмжлэлээр хүсэлтийг нь илгээдэг. Манайх элчин сайдын яамдуудтайгаа нягт хамтран ажиллаж, иргэний хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг зорьж ажилладаг. Байгууллагын 1800-1890 гэсэн утсан дээр иргэдийн гомдол, хүсэлтийг авч, шийдвэрлэдэг байгаа.