НӨАТ-ын сугалааг ирэх аравдугаар сард явуулахаар болжээ. Өмнө нь сугалаанд уншуулсан, уншуулаагүй бүх кодыг хамруулан шалгаруулдаг байсан бол шинэчлэл хийснээр зөвхөн уншуулж, идэвхжүүлсэн баримт дунд тохирол явуулна. Энэ процессыг иргэн гар утсаараа хянах нь нээлттэй болж байгаа аж. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "НӨАТ-ын сугалаа бол буцаан олголтын нэг хэлбэр. Тавдугаар сараас сугалааг цуцалсан нь баримт бүртгэл 50 хувь буурахад нөлөөллөө. Энэ нь цаашлаад төсвийн НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлсөн. Далд эдийн засгийг сэргээж байтал сугалааг зогсоосноор буцаад далд хэлбэрт шилжих эрсдэлтэй байна. Тиймээс сугалааг улам ил тод, шударга, хүртээмжтэй болгож шинээр эхлүүлэх тул иргэд идэвхтэй ,дэмжихийг хүсье” гэлээ.