Монгол Улсыг гадаадад сурталчлах, цар тахлын дараах үеийн эдийн засгийг сэргээх, аялал жуулчлалыг татах, зорилтын хүрээнд “Монголын соёлын өдрүүд”-ийг энэ сарын 20-24-нд Бүгд Найрамдах Франц Улсад зохион байгуулж байна.
Дөрөв хоног үргэлжлэх тус өдрүүдэд Монгол, Францын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа төдийгүй урлаг соёл, түүх, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хөтөлбөрүүд хэрэгжүүлэх юм. Тухайлбал, Монгол Улс Нэгдсэн Үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох UNESCO-д нэгдсэний 60 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид “Нүүдэлчдийн домог” тоглолтоо ЮНЕСКО-гийн төв байранд толилуулахын зэрэгцээ “Монголын үзэсгэлэн” сэдэвт байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн гаргах аж.
Мөн энэ үеэр Франц дахь монгол судлалын эрдэмтэн, судлаач нар болон оюутнуудтай уулзан монгол судлалын өнөөгийн тулгамдсан асуудлаар санал солилцож, эртний Хархорин хотын мөнгөн модны түүхээс сэдэвлэсэн “Алдуул модны эрэлд” баримтат киногоор францчуудын мэлмийг мялаах юм байна.