Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах, ажиллагсдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас албан хаагчдынхаа ажлын цагт зохицуулалт хийжээ. Хотын ид түгжрэлийн цагаас зөрүүлэх байдлаар өглөө 08:30, 09:00 цагт ажилдаа ирж, 17:30, 18:00 цагт тардаг болсон байна. Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллах үлгэрчилсэн зааврыг эрх зүйн үндэслэл болгосон бөгөөд эерэг үр дүн гарч байгаа гэнэ. Тухайлбал, бүх албан хаагч нэгэн зэрэг түгжрэлд орохгүйн дээр хүүхдийн хичээл сургуулийн цагт уялдуулсан нь зөв гэж ажиглагдсан байна. Тус байгууллага нь 40 гаруй албан хаагчтай.