Тохижилт үйлчилгээний салбар боловсон хүчний дутагдалд оржээ. Хүний хүч, хөдөлмөр шаардагддаг тохижилт, үйлчилгээний ажлыг өдгөө хийх хүн багассан нь шинэ менежментээр ажиллах цаг болсоныг харуулах мэт. Үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар нийслэлийн Хот тохижилтын газрын дарга , НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Эдийн засгийн хямралаас үүдэн иргэдийн гар дээрээ авч байгаа цалин амьдралд нь хүрэлцэхгүй байна гэх гомдол танайхыг тойроогүй дайрч байх шиг байна. Өнөөдөр хэдэн ажилтан, албан хаагчтэй ажиллаж байна вэ?
-НЗАА-ны батласан орон тооны дагуу 774 албан хаагчтайгаас сая хэмнэлтийн горимын дагуу орлогч, зөвлөхүүдээ цомхотгоод 771 гэсэн орон тоотой ажиллаж байна. Манайх төв 186,6 км замаасаа гадна 50,5 га ногоон байгууламж, Сити 21 нойл, төвлөрсөн хогийн цэг Улаанчулуут,Морингийн даваа, Нарангийн энгэр гэсэн гурван том хогийн цэгийг хариуцдаг. Манай ажилчид 846 мянган төгрөгийн цалингаа хоёр хувааж авдаг, хаана ч хүрэхгүй байна, даргаа гэдэг. Манайх НЗАА-тай гэрээлсэн гэрээнийхээ дагуу ажлынхаа гүйцэтгэлээр мөнгөө авдаг л даа. Хөөрхий минь, машины түгжрэл, утаа униар, тоосжилт, бухимдсан, стресстсэн хүмүүст загнуулан ажлаа хийдэг хүмүүс. Энэ бүх ажлын стресс, цалин хангамжаас үүдэн хүмүүс ажлаасаа гарч байна. Тиймээс эдгээр хүний орон зайг нөхөх, техник технологийн дэвшлийг ашиглах цаг болж гэж харж байгаа.
-Ер нь, парк шинэчлэл хийсэн үү. ТҮК-ийн ажилчдын ажлыг хөнгөвчлөх ямар машин техник авсан бэ?
-НИТХ-ын төлөөлөгчийнхөө хувьд иргэдийн хурлаар 4 тэрбум төгрөг төсөвлүүлсэн. Гудамж талбайн хог шүүрддэг 28 машин авахаас гүйцэтгэгч компани 10-ыг нь хил дээр ирчихсэн байна гэж мэдэгдлээ. Эдийн засгийн тооцооллыг нь хийхэд найман үйлчлэгчийн ажлыг хийж байна гэж гарсан. Манайд цэвэрлэгээний 20 машин байдаг ч 17 нь ажилладаг. Дүүргүүдийг бодвол парк шинэчлэлтийн хувьд гайгүй ч, насжилт өндөртэй. Доод нь тал нь зургаа, дээд тал нь 10 жил болчихсон. Өнөөгийн байдлаар. 16 бригадаас зургааг нь техник рүү шилжүүлсэн. Үр дүнтэй байна.
-Техникжихээр байгаа хэдэн хүнээ ажлаар яаж хангах ёстой. Энэ хүмүүс маань ямар ажилд шилжиж ажиллах ёстой вэ?
- Тийм. Өнөөдөр би хоёр хүний ажлаас гарах өргөдөлд гарын үсгээ зурлаа. Өдөр болгон л талбайн үйлчлэгч ажлаасаа гарч байна. Хүний хүч шаардагддаг учраас хөдөлмөрийн насны хүмүүсийг нас харгалзахгүй авч байсан ч, болдоггүй юм байна. Нийгэм бухимдалтай энэ үед ажлаа хийж яваад даралт ихсэх, зүрх нь өвдөх гэх мэт асуудал үүсэх талтай. Техникжсэн бригадын хүмүүсиг хүн дутуу бригад руугаа шилжүүлэн сэлгэж ажиллуулж байна. Орон тоо дутуу л явж байгаа. Гарцаагүй, өнөөдөр цалин нэмэх эсхүл хүний хөдөлмөрийг машины техникээр хөнгөлж ачааллыг бууруулах гэсэн арга байна.
-Хүндрэл бэрхшээл юу байна?
-Олон асуудал бий. Орон нутгийн байгууллага үүргээ биелүүлэн хугацаандаа хогоо ачиж байгаа бол аж ахуй нэгж ч биелүүлдэг баймаар байна. Жишээ нь, НИТХ-ын 61 дүгээр тогтоолоор аж ахуйн нэгж ойр орчмын 50 метр газраа цэвэрлэх үүрэгтэй. Гэтэл манай иргэд, аж ахуйн нэгж биелүүлдэггүй, ТҮК-ийн ажил мэт хандсаар ирлээ. Үндсэн ажлынхаа хажуугаар манай хүмүүс цэвэрлэж, ачиж ирсэн. Төв зам дагуух худалдаа үйлчилгээний газрууд шүү дээ. Угтаа, гурвалсан гэрээнийхээ дагуу тухайн дүүргийн ТҮК нь ачих ёстой. Дүүргийнх нь ТҮК болохоор хүн хүчний хомсдолоос үүдэж ачих боломжгүй болсон байгаа нь бүхлээрээ энэ салбарт менежмент хийж өөрчлөх болж гэж харуулаад байна.
-Төр бүгдийг хийх боломжгүй гэдгийг гадны олон сайн туршлага харуулж байна. Ер нь, дахивар авч дахин боловсруулдаг хувийн хувшлийнхнийг энэ салбар ажиллуулбал төр, нийслэлийн байгууллагын төсөвт ч хэмнэлттэй байх?
-Ер нь, тийм. Манай байгууллагын ачаалал ч буурч, урсгал зардал багасах нь дамжиггүй. Хувь хүн, НИТХ-ын төлөөлөгчийнхөө хувьд өнөөдөр энэ салбарын менежментийг сайжруулах цаг болж гэж харж байгаа. Төр, хувийн хэвшил түншлэн ажиллаж чадвал хогны асуудлыг олон талаар шийдэх боломжтой. Бодлогын төвшинд зөв өөрчлөлт хийвэл, хөрсөндөө зөв хэрэгжинэ. Нийслэлийн Засаг дарга, НИТХ-аар хэлэлцэх асуудал л даа. Нөгөөтэйгүүр, Улаанбаатар хотын иргэд соёлжих хэрэгтэй байна. Бусдын хөдөлмөрийг үнэлдэг, хүндэлдэг хүн хогийн савны гадна хог хаяхгүй, тийм биз. Нэг нэгнийхээ ажлыг хүндэлдэг болбол нийслэл хогондоо дарагдахгүй, стресс бухимдал ч арилна шүү дээ.