Ардчилсан намынхан өнөөдөр хөнжил дотроо хөлөө жийлцээд тамганы хэрүүл тасрахгүй удлаа. Тус намын залуучуудын холбооныхон Авлигатай тэмцэх газрын үүдэнд суулт хийгээд тав хонож байгаа аж. Бид тус намд үүсээд буй асуудлын талаар Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Г.Очирбатаас тодрууллаа.
-Танай намын залуус ямар шалтгаанаар Авлигатай тэмцэх газрын үүдэнд суулт хийж байгаа вэ?
-Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ, Х.Баттулга нартай холбоотой ямар хэрэг бүртгэлтэй байдаг вэ. Үнэхээр тийм мэдээлэл байгаа бол бидэнд баримтыг нь гаргаж өгөөч гэж манай намын залуус Авлигатай тэмцэх газрын үүдэнд суулт хийж байгаа. Энэ хоёр хүний нэр хүндийн асуудлаас болоод манай намын талаар нийгэм тэр чигтээ буруу ойлголттой болчихоод байна. С.Эрдэнийг Нийгмийн даатгалын сангаар дамжуулж асар их мөнгө идсэн, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзээд байгаа нь үнэн юм уу. Х.Баттулгыг төмөр замтай холбоотой авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь үнэн юм уу. Мөн хөгжлийн банктай холбоотой хэрэг үүсгэсэн нь үнэн юм уу гээд тодруулах ёстой учраас бид энд суулт хийж байна. Хэрэв энэ бүхэн баримт нотолгоотой бол гаргаж өгөхийг шаардаж байгаа юм. Уг нь бол компьютер дээр нь бэлэн байгаа материал шүү дээ. Гэтэл 30 хоногийн хугацаанд гаргаж өгөх ёстой гэсэн тайлбар хэлдэг. Энэ хүмүүс үнэхээр хэрэг үйлдсэн бол ардчилсан зарчимд дарга хийх эрх зүйн үндэс байхгүй. Тиймээс ардчилсан залуучуудын холбоо гэмт хэрэгт холбогдсон дарга нарыг ажлаас нь чөлөөлье. Ардчиллынхаа үнэт зүйлсийг хамгаалъя. Нэгдэж нягтаръя гэдэг байр сууриа илэрхийлж байна. Бид сөрөг хүчнийхээ ажлыг хиймээр байна. Сөрөг хүчний дуу хоолой гарахаа байснаас болоод эдийн засгийн уналтад орж буйг хүн бүр харж байгаа байх. Өнөөдөр хар зах дээр ам.долларын ханш 200-300 төгрөгөөр хар өсөхийг анх удаа харж байна. Бүх бизнес эрхлэгчдэд энэ байдал дарамт болж байгаа.
Монголбанкнаас зарласан ханшаас хар захын ханш яагаад 200-250 төгрөгөөр илүү байгаа юм. Арилжааны банкуудад ам.долларыг хангалттай нийлүүлэхгүй байж хар зах руу гаргаад байна вэ. Хэн нэгэн ам.долларын ханшийн зөрүүгээр ашиг олоод байна уу гэсэн хардлага бас гарч ирж буй. Бид өнөөдөр энэ бүхнийг илчлэхийн тулд сөрөг хүчнийхээ дуу хоолойг хүчтэй болгомоор байна.
-Танай намын эрх баригчид шинэ чадварлаг залуусаа дээш нь гаргадаггүй юм биш үү?
-Бид төрөөс ямар нэг тендер авч мөнгө идсэн С.Эрдэнээр, Төмөр замаас их хэмжээний ашиг унагасан Х.Баттулгаар удирдуулмааргүй байна. Энэ хоёр хүн үнэхээр гэмт хэрэгтэн бол намаас явах ёстой. Залуу боловсон хүчнүүд нь намаа авч явмаар байна. Цаашдаа нэгдэж нягтармаар байна.
-Авлигатай тэмцэх газар та нарт С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрын хэргийн талаарх баримтыг яагаад өгөхгүй байгаа юм бэ?
-Авлигатай тэмцэх газрын холбогдох мэргэжлийн хүн 30 хоногийн хугацаанд бид тайлбар өгөх ёстой гэсэн хариу өглөө. 2017, 2016 онд л яригдаж байсан хэргүүд шүү дээ. Бэлэн байгаа материалыг гаргаад өгчихөж яагаад болдоггүй юм бэ. Гаргаад өгчихвөл бид ёс суртахууны хувьд болохгүй хүмүүс байна гэдгийг олон нийтэд зарлаад дараагийн ажлаа хийе. Тэгэхгүй бол энэ хоёр хүн намын нэр нөлөөн дор хэргээ хаацайлаад суугаад байгаа мэтээр нийгэмд ойлгогдоод байна.
-Танай нам залуу боловсон хүчнээр хэр хангагдаж байна вэ. Дотроо үзэл бодлоо нэгтгэж чадахгүй болохоор хүмүүс итгэл үзүүлж чадахгүй байгаа юм биш үү?
-Ардчилсан нам хүчирхэгжмээр байна. Манай намд орох хүсэлтэй залуус олон бий. Гэтэл намын олигархиудын зүй бус үйлдэл хүмүүсийн итгэл үнэмшлийг мохоож байгаа. С.Эрдэнэ сонгуульд ялагдсаныхаа дараа намын даргын ажлаа өгсөн гэх боловч Тувааныг хийж чадахгүй болохоор нь би буцаагаад явчихсан гэж хэлээд байгаа. Ийм зүйл байж болохгүй. Х.Баттулга гэдэг хүн өөрөө өөрийнхөө нэрийг сонгуульд дэвшүүлээд онлайн санал хураалт явуулаад ялаад өөрийгөө дарга болгосон. Ийм хачин тоглоом байж болохгүй биз дээ. Энэ намыг хоёр хувааж дууслаа. Намын ахмадын холбоо хоёр хуваагдлаа. Намын эмэгтэйчүүдийн холбоо хоёр хуваагдсан. Ингэж энэ намыг хагалан бутаргах ажлыг зохион байгуулж байна. Энэ хоёрын цаана Ардын намынхны оролцсон МАНАН бүлэглэл бий. МАНАН бүлэглэлийн гар хөл манай намыг бутаргаж байна.