Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Номхон далайн баруун бүсийн 2021-2030 он хүртэлх “Эрүүл насжилтын үйл ажиллагааны төлөвлөгөө” Монгол Улсын хүн ам 2025-2030 оноос эхлэн “хөгшрөх” хандлагад шилжиж, нийт хүн амд эзлэх 60 ба түүнээс дээш настай хүн амын хувийн жин одоогийнхоос хоёр дахин өсөж, улмаар 2050 он гэхэд 25 хувьд хүрэх хандлагатай байгааг мэдээлсэн билээ. Тэгвэл манай улсад статистикийн үндэсний хорооны мэдээгээр 2020 оны байдлаар 328.8 мянган настан амьдарч, 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүд нийт хүн амын 9.7 хувийг эзэлж байна. Монгол настнуудын тухайд өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгал, хоол боловсруулах, шээс боловсруулах зүрх судасны эрхтэн тогтолцоо, яс булчингийн эмгэг, осол гэмтэл тус тус давамгайлж байна. Харин нас баралтын шалтгаанд зүрх судас, гэмтэл хордлого, хавдар, амьсгал, хоол боловсруулах эрхтний эмгэг зонхилж байна.