Хотын дарга Д. Сумъяабазар стандарт, норм, дүрмийг шинээр боловсруулах, шинэчлэх ажлын талаар болон барилга байгууламж, гадна талбайн тохижилт, засварлах, тоноглох ажлыг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааны үр дүнгийн талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдуламаас тодрууллаа. Тэрбээр “Стандарт, норм, дүрэм, журмыг шинэчлэх ажлын талаар нутгийн захиргааны байгууллагуудаас санал авсан. 16 стандартыг шинээр боловсруулах, шинэчлэх шаардлагатай 28, барилгын зургаан норм, дүрмийг шинээр боловсруулах шаардлагатай гэсэн санал ирсэн. Саналуудыг нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Он гарснаас хойш 888 барилга, байгууламж, гадна талбайн тохижилтын ажилд комисс ажилласан. Үүнээс 739 барилга байгууламжийг ашиглалтад оруулсан. Үлдсэн ажлуудын хувьд гадна орчны тохижилт зураг төслөөсөө зөрүүтэй, явган зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг стандартын дагуу хийгээгүй гэх мэт зөрчил илэрсэн” гэв.
Хотын дарга ногоон байгууламжгүй, автомашины зогсоолгүй хотхон ашиглалтад орох зэргээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгааг онцолж байлаа. Иймээс ажлын хэсэг гарч, энэ чиглэлд ажиллаж байгаа бөгөөд ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгов. Нийслэлийн хэмжээнд 2020 оноос хойш олгогдсон барилгын ажлын зөвшөөрлүүдийг холбогдох стандарт, норм, дүрэмд нийцсэн эсэх талаар нэгдсэн шалгалт зохион байгуулсан талаараа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн танилцуулав. Тэрбээр “Шалгалт хийгээд дууссан. Зөвлөлийн хуралд танилцуулахад бэлэн. Барилга хоорондын зай хэмжээ стандартын дагуу бус, хотын хүн амын нягтаршлыг тооцож барилгын зөвшөөрөл олгодоггүй гэх мэт нийтлэг зөрчил илэрсэн” гэлээ.