Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлигийг 2022 оны долдугаар сарын 11-ний өдөр гаргасан. Ерөнхийлөгчийн зарлигийг төрийн эрх барих дээд байгууллага-Монгол Улсын Их Хурал хэрэгжүүлж, чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.
Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залах ёслол УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы нээлтийн үеэр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар болон УИХ-ын гишүүд эш хөрөгт хүндэтгэл үзүүлэв.
Дашрамд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 159 дүгээр зарлигийн Нэгдүгээр зүйлд “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай” хэмээн заасан.