ШӨХТГ-аас Монголын үндэсний их сургуулийн “Монголын хамгийн том их сургууль” гэсэн зар сурталчилгааг өөрийн сургуулийн фэйсбүүк хуудас болон хот доторх зарим чиглэлийн нийтийн тээврийн автобуст байршуулсан зөрчлийг илрүүлсэн байна. Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан.” гэж заасныг зөрчсөн тул “Монголын үндэсний их сургууль” НҮТББ-д Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Гэвч тус сургууль уг шийтгэлийг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч Монголын үндэсний их сургуулийг эрх бүхий байгууллагаас “Монголын хамгийн том их сургууль” гэж тодорхойлоогүй тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын оногдуулсан шийтгэл үндэслэлтэй, тус сургуулийг Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн зар сурталчилгаа явуулсан гэж захиргааны хэргийн шүүхээс үзсэн байна. Хэдийгээр тус сургууль шүүхийн шийдвэрийн дагуу торгуулиа төлсөн ч, дээрх хууль зөрчсөн зар сурталчилгаагаа өөрийн фэйсбүүк хуудас нийтийн тээврийн үйлчилгээнд наасан зурагт хуудсаа өнөөдрийг хүртэл татаж аваагүй аж. Иймээс Монголын үндэсний их сургуульд хүргүүлсэн албан даалгаврыг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэх хүсэлтийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.