Улаанбаатар хотын автомашины түгжрэл, зах, худалдааны төвүүдийн төвлөрлийг сааруулахад чухал нөлөө үзүүлэх “Хайрхан нэгдсэн худалдааны төв”-ийг 32 дугаар хороонд 28 га талбайд байгуулахаар болсон. “Нью Фоос”, “Амэ Интернэшнл ХХК хамтран өөрийн газар дээрээ байгуулж буй. "Нью фоос” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаатар “Тус худалдааны төвийг 2023 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх хавраас барилга байгууламжийн бүтээн байгуулалт эхэлнэ. Худалдааны төвд өргөн хэрэглээний болон гэр ахуйн худалдааны төв А, Б блокт байрлана. Барилгын материал, авто сэлбэг, том хэмжээний агуулах худалдааны төлөвлөлтийг мөн хийсэн. Түүнчлэн 620 ажлын байр шинээр бий болох давуу талтай. Төв ашиглалтад орсноор баруун болон урд зүгийн 16 аймаг, 256 сумын иргэд үйлчлүүлнэ гэж тооцож байгаа. Ингэснээр түгжрэл бууруулах, төвлөрлийг сааруулахад сайн нөлөө үзүүлэх юм. Нийт 28 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа” гэлээ.
Улаанбаатар хотод автомашины сэлбэг худалдаа, засвар үйлчилгээний “Да хүрээ”, “Өгөөмөр”, барилгын материалын “Зуун айл”, өргөн хэрэглээний барааны “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” төвүүд нь хотын зүүн хэсэгт төвлөрсөн байдаг. Тус худалдааны төвүүдэд нийслэлийн иргэдээс гадна баруун 16 аймаг, 260 сумын иргэд ирж үйлчлүүлж, ачаалал үүсгэдэг байна. “Хайрхан нэгдсэн худалдааны төв” ашиглалтад орсноор тус зах, худалдааны төвүүдийн ачаалал буурч, орчмын авто замын түгжрэлд өндөр нөлөө үзүүлэх боломжтой нь судалгаагаар тогтоогджээ.