Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монголын Авто замчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаа, гүйцэтгэх захирал А.Уранчимэг нарыг хүлээн авч уулзаж, авто замын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хүний нөөцийн бодлого, тусгай зөвшөөрөл олгох журам зэрэг асуудлаар ярилцаж, зарим чиглэлийг өглөө.
Сайд С.Бямбацогт “Нэгдүгээрт, орчин үед авто замын салбар бүс нутгийн хөгжилд хамгийн чухал болоод байна. Тийм учраас авто зам, гүүрийн инженер, техникийн ажилчид бэлтгэх, ажилчдаа гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлж, туршлага хуримтуулахад анхаарна. Хоёрдугаарт, замын норм, дүрэм, стандартыг шинэчлэн батлах зайлшгүй шаардлагатай байна. Ингэхдээ эдийн засгийн үр өгөөж өндөр байхад анхаарч, авто замыг хурдан хугацаанд чанартай барих ёстой. Гуравдугаарт, мэргэшсэн зөвлөх инженер сонгон шалгаруулалтаа сайжруулах шаардлагатай. Дөрөвдүгээрт, авто замын зураг төслийг чанарыг сайжруулж, стандарттай болгож, захиалагч тал өндөр хяналт тавин чанартай зам барих ёстой” хэмээн хэллээ. Монголын Авто замчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаа 2017 оноос хойш 27 хүнийг ХБНГУ-д авто замын мэргэжилтэн бэлтгэхээр сургаж, ирэх онд хамтын ажиллагааны хүрээнд гурван жилийн хугацаатай мэргэжилтэн бэлтгэх болсноо хэллээ.