Монголын Үндэсний музейд “Монголын уламжлалт идээ, ундааны соёл” тусгай үзэсгэлэн энэ сарын 16-нд нээлтээ хийх гэж байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага байгуулагдсан 10 дугаар сарын 16-ны өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон зарлаж жил бүр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
“Монголын уламжлалт идээ ундааны соёл” үзэсгэлэн нь монгол үндэстний хүнс, хоолны уламжлал, хүмүүсийн ахуй, соёлын өвөрмөц шинж байдлыг илтгэсэн олон үзмэрүүдийг олон нийтэд толилуулж уламжлалт хоол хүнсний талаархи мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, уламжлалт хүнс, хоолны хэрэглээг дэмжих зорилготой.
Гэрэл зургийн үзэсгэлэнгээр хүнсний үйлдвэрлэлд эмэгтэйчүүдийн оролцооны олон өнгө төрхийг харуулах юм. Монгол Улсын хувьд хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэн хүн ардаа эрүүл, шим тэжээлтэй хоол хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангахад анхаарч буй юм.