Арилжааны “Ариг банк, “Хаан банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Тээвэр хөгжлийн банк”, “Хас банк” , “Богд банк”, “Голомт банк”, “Капитрон банк”, “Төрийн банк” зэрэг нэр бүхий 9 банк нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Учир нь, ШӨХТГ-аас арилжааны банкууд иргэдэд олгож буй ипотекийн зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож өрсөлдөөнийг хязгаарласан байж болзошгүй гэж тогтоосон. Энэ хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасны дагуу Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх банкны үйл ажиллагаа явуулж буй банкуудад Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгасан билээ. Ингээд дээрх 9 банкийг тус бүрийг нь 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах хугацаатай албан даалгавар хүргүүлсэн аж. Гэвч нэр бүхий дээрх арилжааны банкнаас уг шийтгэл, албан даалгаврыг эс зөвшөөрч ийнхүү шүүхэд хандсан байна.
Иймд ШӨХТГ-аас Монголын хуульчдын холбоонд хүсэлт тавьж банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч О.Батхүү, С.Ялалт нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авахаар болсон аж.