Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд "Новартис аксес" хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирсон. Энэ хүрээнд Хүний эмийн зөвлөл хуралдаж, уг хөтөлбөрийн хүрээнд нэн шаардлагатай эмийн жагсаалтад орсон олон улсын нэр хүндтэй компанийн 16 төрлийн эмийг бүртгэлээ. Хөтөлбөрийн хүрээнд Монголд төдийгүй Дэлхийд нас баралтын 75-аас дээш хувийг эзэлж буй халдварт бус өвчлөлийг бууруулахад чиглэсэн 16 төрлийн нийт 24 эмийг үйлдвэрээс гарах зардлаар буюу 1$-ийн үнээр Монгол Улсад нийлүүлэхээр хөтөлбөрийн хүрээнд 5 жил үргэлжлэх гэрээ байгуулжээ. Ингэснээр Монгол Улс жилд дунджаар ЭМДС-гийн 9 гаруй тэрбум төгрөг хэмнэх боломжтой аж. Эдгээр эм улс орон даяар бүх эмийн сангаар тэгш хүртээмжтэй хүргэгдэж, иргэд даатгуулагчид хөнгөлөлттэйгөөр өргөн хэрэглэгдэх 16 нэр төрлийн эмийг хямд үнээр авах боломж бүрдэж байна. Хөтөлбөрт хамрагдсан 16 нэр төрлийн эм нь эмийн хатуу зохицуулалттай Австри, Герман, Польш, Словени, Испани, Швейцар зэрэг зургаан оронд үйлдвэрлэгдсэн юм байна.