Ирэх сарын 1-нээс төмөр замын хүн болон ачаа тээврийн үнийг индексжүүлэн нэмэхээр болжээ. Учир нь, төмөр замын салбарын алдагдал жилээс жилд өсч, хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл гарах болсон байна. Иймд экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20хувь, экспортын төмрийн хүдрийнхийг 15хувь, экспортын жоншны тээвэрлэлтийг 15хувь, экспортын нүүрснийхийг 20хувь, мөн зорчигч тээвэрлэлтийн хувьд орон нутгийн болон олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг тус бүр 50 хувиар индексжүүлэн нэмэхээр болжээ. Тухайлбал, Зорчигч тээврийн тарифын хувьд 2017 оноос хойш нэмээгүй бөгөөд одоогийн мөрдөж буй тарифаар нийтийн вагон УБ-Дархан чиглэлд 6000 төгрөг байдаг бол уг чиглэл дэх том оврын автобус 20600, суудлын тэрэг (такси) 31000 төгрөгийн үнэ тарифтай аж. Тиймээс үнэ тарифын индексжүүлэлт хийснээр дээрх чиглэлд иргэдэд үйлчлэх үнэ тариф 9000 төгрөг болох юм. Энэхүү үнийн өөрчлөлтийг ШӨХТГ-аас холбогдох яамдын саналыг авч, “Зарим бүлгийн ачаа тээвэр болон зорчигч тээврийн үнийн өөрчлөлтийг зөвшөөрөх тухай” тогтоолын дагуу индексжүүлэн, 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тогтоол гаргасан байна.