Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын мөрийн хөтөлбөр 2020-2024 дагуу Ерөнхий сайдын шууд санаачилга ба дэмжлэгээр 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж эхэлсэн бөгөөд насанд хүрэгчдийн насны бүлгээсээ хамаарч 12-19 нэр төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоо хийлгэх юм.Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийг дэмжих төвд хийж байгаа Эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны явцтай газар дээр нь танилцлаа.
2022 оны энэ сарын 2-ны өдрийн байдлаар Улсын хэмжээнд эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 501,739 иргэн хамрагдсанаас 227,735 буюу 45,4 хувь нь эрэгтэйчүүд, 274,004 буюу 54,6 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэрбээр "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт 501,739 хүн хамрагдсанаас үзлэгийн дүгнэлт гарч дууссан хүн амын өвчлөлийн 269,143 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.
Өвчлөлийн 269,143 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс
- 175,647 буюу 65.3 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин,
- 24,809 буюу 9.2 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд,
- 15,892 буюу 5.9 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин,
- 15,802 буюу 5.9 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин,
- 10,865 буюу 4.0 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 90.3 хувийг эзэлж байна. " гэв.
Байршлаар нь харуулбал 256,718 буюу 51,2 хувь Улаанбаатар хотод, 245,021 буюу 48,8 хувь нь орон нутагт байна.
Улаанбаатар хотын дүүргүүдийн хувьд
- Баянзүрх дүүрэг 62,432,
- Баянгол дүүрэг 69,570,
- Сонгинохайрхан дүүрэг 36,654 ,
- Хан-Уул дүүрэг 29,407 ,
- Сүхбаатар дүүрэг 29,407 ,
- Чингэлтэй дүүрэг 14,917 ,
- Налайх дүүрэг 10,146,
- Багануур дүүрэг 4,737 ,
- Багахангай дүүрэг 526 хүн тус тус хамрагджээ.
Аймгуудаар харьцуулж үзэхэд Төв аймаг 21,925, Хөвсгөл аймаг 19,337, Орхон аймаг 17,457 , Өвөрхангай аймаг 18,619 , Дархан-Уул аймаг 16,523 хүн хамруулаад байгаа нь хамгийн өндөр хамрагдалттай байна.