Улаанбаатар хотын 2022-2023 оны галлагааны улирлын хэрэгцээнд зориулан Тавантолгой түлш ХХК 120,000 тн түлш үйлдвэрлэж нөөцлөөд байгаа. Энэ нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээс хойш хамгийн олон тонн түлшний нөөцтэйгөөр өвөлтэй залгаж байгаа үзүүлэлт гэнэ. Өмнө нь хамгийн ихдээ 70 гаруй мянган тонн түлштэйгээр өвлийг давдаг байсан аж. Өдгөө Налайх дүүрэгт байрлах шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэрт өргөтгөл засвар, шинэчлэлийн ажлыг хийж дуусгасан бөгөөд нэг шугам өмнө нь цагт 10 орчим тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг байсан бол засвар, шинэчлэл хийснээр нэг шугам цагт 25 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Мөн 2-р Дулааны цахилгаан станцын дэргэд байрлах шахмал түлшний 4-р үйлдвэрт өргөтгөл, засвар шинэчлэл хийснээр үйлдвэрийн хүчин чадал 2.5 дахин нэмэгдэж байна. Өмнө нь өдөрт 300 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байсан бол одоо өдөрт 800 тонн үйлдвэрлэх боломжтой болсон. Тодруулбал, сард 24 мянга, жилд 240-250 мянган тонн түлш үйлдвэрлэх боломжтой болж байна гэсэн үг.
Энэ нь “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй нийт бүтээгдэхүүний 43 хувийг дангаараа бүрдүүлэх хэмжээний үзүүлэлт юм. Сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хот болон Налайх дүүргийн хэмжээнд нийт 650 цэгээр худалдан борлуулж байна.