Бельгийн Хаант Улсад оршин суугаа Монголын ЭСЯ-ныхан иргэдийнхээ хууль ёсны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аж амьдралд нь дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд Бельгийн талтай яриа хэлэлцээг явуулсны дүнд 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельгийн Засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргажээ.
Тус улсад хүлээн зөвшөөрөгдсөн жолооны үнэмлэхгүйгээр иргэд автомашин жолоодож хэрэг, зөрчилд холбогдох, зарлагдсан ажлын байранд тавигдаж буй шалгуурт тэнцэхгүй байх, түрээсээр автомашин авч ашиглах боломжгүй зэрэг хүндрэл бэрхшээлтэй тулгардаг байв.
Бельгийн Засгийн газрын дээрх шийдвэр нь манай иргэдийн жолооны дамжаанд суралцах цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхэд бодит хувь нэмэр оруулах ба цаашилбал улс дотор болон улс хооронд тээврийн үйлчилгээ хийх зэрэг амьжиргаа, ажил эрхлэлтийг дэмжсэн чухал алхам болж байна. Дашрамд, Европын Холбооны орнуудаас Бельги Улс манай жолоодох эрхийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрсөн анхны улс бөгөөд Нидерланд, Люксембург улсуудад мөн хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.