Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэн та бүхний мэдэж байх эрхтэй тусгай дугаарууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 50 секунд

Засгийн газар иргэдийн санал хүсэлтийг авах төв 1111

Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах, санал хүсэлт, гомдлыг хүлээн авах 1111 төв нь аливаа хүндрэл, тулгарсан асуудлыг холбогдох төрийн байгууллагад хүргэж, шийдвэрлэх боломжийг иргэдэд олгодог.

Тус дугаарт гудамж, талбайн тохижилт, цэвэрлэгээ, эмнэлэгийн эм тариа, нийслэл, дүүргийн газрын албатай холбоотой зэрэг бүх салбарын гомдол мэдээллийг өгч, шийдвэрлүүлэх боломжтой.

Мөн цахимаар хаягаар нь нэвтэрч, асуудлын шийдвэрлэх үйл явцтай танилцаж болно.

Хүүхдийн тусламжийн 108

Хүүхдийн тусламжийн 108 дугаарт 24 цагийн турш үнэ төлбөргүй холбогдох боломжтой.

Гол зорилго нь хүүхдийн санаа бодлыг сонсох, хүүхдэд шаардлагатай сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөмж, хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээллийг хүлээн авч, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд онц ноцтой тохиолдолд яаралтай тусламжийн үйлчилгээг хүргэх юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 115

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн буруутай үйл ажиллагаа, шударга бус өрсөлдөөн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан улс төрийн агуулгаар бусдыг гүтгэх, хуурамч мэдээлэл тараах, өрсөлдөөнд сөрөг үр дагавар үзүүлж болохуйц зар сурталчилгаа явуулах, тендерийн баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гаргасан зэрэг тохиолдолд ШӨХТГ-т хандах боломжтой6

Авлигатай тэмцэх газар 110

Та эргэн тойрондоо байх авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэхийг хүсвэл Авлигатай тэмцэх газрын 110 тусгай дугаарт хандаарай.

Албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг болон төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүй, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч, холбогдох зөрчил гаргасан албан байгууллага, албан тушаалтныг шалгах юм.

СЭМҮТ-ийн сэтгэлзүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх дугаар 1800-2000

Сэтгэл зүйн хувьд тогтворгүй, асуудал тулгарсан үедээ хэнд хандахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч нар 24 цагаар зөвлөгөө, тусламж үйлчилгээ үзүүлдэг 1800-2000 дугаар байдаг гэдгийг санаад аваарай.

Та нас, хүйс гэх мэт ерөнхий мэдээллээ хэлээд зөвлөгөө авах боломжтой. Нууцлалыг дээд зэргээр хангаж ажилладаг.

ХЭҮК-ын дугаар 7000-0222

Таны болон бусад хүний бүхий л эрх, эрх чөлөө зөрчигдөх, ажлын байрны бэлгийн дарамт, жендэрт суурилсан хүчирхийлэлд өртвөл Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол, мэдээллээ гаргаарай.

Иргэд 7000-0222 дугаарын утсаар тус комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ажилтнуудтай холбогдож хууль зүйн зөвлөгөө авах, өргөдөл гомдол гаргах боломжтой.

Гэр бүлийн хүчирхийллийн 107

“Над руу залгаарай” гэх найрсаг уриатай 107 тусгай дугаар нь гэр бүлийн хүчирхийлэлд автсан хүмүүсийн мэдээллийг хүлээн авах, хэрэгтэй зөвлөгөө, мэдээллээр ханган туслах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч, түүний бага насны хүүхдийг хамгаалах үйл ажиллагааг 24 цагийн турш явуулж, хохирогчдыг 3-10 хоног түр хамгаалах байранд байрлуулж, тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, дуудлага мэдээллээс гэмт хэргийн шинжтэйг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

Канадын Монреалийн кино наадамд “Трио“ кино уригджээ
Канадын Монреалийн кино наадамд “Трио“ кино уригджээ
 
Маргааш өглөө амьд л байгаасай
Маргааш өглөө амьд л байгаасай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.