Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс 2022 онд хэрэгжүүлсэн хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээгээ иргэдэд нээлттэй тайлагнах өдөрлөгийг өчигдөр Мишээл экспо төвд зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсан хувиараа хөдөлмөр эрхлэгчид үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ дэлгэж олон нийтэд сонирхуулсан юм. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдээс зарласан 500 гаруй нээлттэй ажлын байрны зарыг хүргэн, иргэн бүрт хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлжээ.
Уг өдөрлөгийн үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай "Бид 2022 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан бөг энэ онд ажлын байрыг нэмэгдүүлэх хэд, хэдэн томоохон хөтөлбөрийг батлан амжилттай хэрэгжүүллээ. Үүнийхээ өнөөдрийн үр дүнг олон нийтэд нээлттэй тайлагнан үзүүлж байгаадаа баяртай байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв” байгуулснаар үйл ажиллагаа нь улам өргөжин одоогийн байдлаар 47 иргэнийг байнгын ажлын байраар хангаад байна. Бид цаашид дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэйгээ хамтран олон төсөл хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх болно. Мөн Сонгинохайрхан дүүрэгт 2022 онд Улс, Нийслэл, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар маш олон бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн бөгөөд үүнийг тойрсон ажлын байрууд олноор нэмэгдэн иргэдийн амжиргааны түвшинд тодорхой дэмжлэг болсон гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс энэ жил нийт 2000 иргэнийг ажлын байранд зуучлан оруулсан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийт долоон хөтөлбөр 28 арга хэмжээг хэрэгжүүлж нийт 6384 иргэнийг хамруулжээ. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжиж эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилж, борлуулалтыг дэмжихэд чиглэсэн олон арга хэмжээнүүнийг бид зохион байгуулснаа энэхүү өдөрлөгийн үеэр тайлагналаа.