Нийслэлийн хэмжээнд хотын төвлөрсөн дулаан хангамж багасч, орон сууцны халаалт өнгөрсөн жилүүдээс муу ирж байгаа талаар иргэд цахим хуудастаа бичиж буй. Албаныхан тайлбарлахдаа дулаан хангамжийн системийн эх үүсвэрүүд болох ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан дулааны станцууд батлагдсан горимын дагуу ажиллаж байгаа хэдий ч өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад байрны халаалт эрс муудсан бөгөөд төвийн болон захын дүүргүүдэд ялгаагүй байна.
Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах, шинэчлэн өргөтгөх хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банкны төслийн санхүүжилтээр 2021 оноос 3, 4, 5, 8-р гол магистраль шугамыг үе шаттай өргөтгөн шинэчилж байгаа аж.
Эдгээр шугамын насжилт хэтэрч өвлийн оргил ачааллыг даахгүй болсноос дулаан хангамж доголдох тасалдах тохиолдол гардаг тул 2025 он хүртэл хөгжлийн банк, Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн бүрэн шинэчлэхээр болсон.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци Монгол Улсын засгийн газрын хооронд байгуулсан 41 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу энэ төслийг 2021-2025 оны хооронд хэрэгжүүлнэ. Улаанбаатарын газар доогуур байдаг нийт шугам сүлжээний 40 гаруй хувь нь 30 жил, 20 гаруй хувь нь 40 жил болсон байдаг байна. Дулааны шугамыг бүхэлд нь солиход 200 гаруй мянган ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.