Байгалийн баялаг дагасан булхай луйварыг ил болгохыг шаардсан иргэдийн жагсаал суулт болон үргэлжилж байна. Энэ сарын 4-нөөс хойш төв талбайд жагсаал хийж буй иргэд хүйтэнд даарч гэр барих зөвшөөрөл өгөхийг хотын захирагчаас шаардаад байсан юм. Тэгвэл
Талбай дээр жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа иргэдэд гэр барих зөвшөөрөл НЗДТГ-аас олгожээ. Гэхдээ төв талбайд бус автомашины зогсоол дээр барих боломжтой болохыг анхааруулсан байна.
Энэ талаар НЗДТГ-ын дарга И.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.8-д Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байхаар заасан. Иймд Сүхбаатарын талбайд үл хамаарах хэсэг буюу талбайн урд хэсгийн автомашины зогсоолд хоёроос илүүгүй гэр барих зөвшөөрөл олгож байгаа" гэж мэдэгдэв.