Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо энэ удаагийнхаа ээлжит зочноор Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, “Эрүүл монгол хүн” төсөл хөтөлбөрийн албаны дарга, доктор О.Чимэдсүрэн нарыг урилаа. Т.Мөнхсайхан нь өдгөө арЕрөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
Бид энэ удаагийн уулзалтаар архидалт болон тамхины хэрэглээг хязгаарлахад төрөөс ямар бодлого баримталж буй талаар ярилцлаа.
Монголчууд эрүүл мэндийн мэдлэг боловсрол дутмагаас болж, өвчлөл газар авсан, хорт хавдрын шалтгаант нас баралт нэмэгдсэн талаар эмч мэргэжилтнүүд ярьдаг. Тэгвэл өвчлөлийг бууруулах, хорт зуршлын хэрэглээг хуулийн хүрээнд хэрхэн зохицуулж буй талаар “Цагаан үзэг” холбооны сэтгүүлчдийн асуултанд Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, доктор О.Чимэдсүрэн нар хариулт өгсөн юм.
-Өнөөгийн нийгэмд архидалт аюулын харанга дэлдээд байна. Ер нь архидалттай тэмцэхэд төрөөс ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Төр засгийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийн боловсрол руу чиглэсэн урт хугацааны хөтөлбөр боловсруулж ажиллахаар төлөвлөсөн. “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн бол иргэдийг өвдөхөөс нь өмнө урьдчилсан сэргийлэхэд чиглэсэн ажил. Иргэдээс судалгаа авахад нийгэмд хамгийн их газар авсан зүйл нь архидалт байсан. Иймээс үндэсний хөдөлгөөний хүрээнд хамгийн түрүүнд архидалттай тэмцэх шийдвэр гаргаад ажиллаж байна. Бусад улс орнуудын туршлагаас харахад архидалттай тэмцэхэд эхлээд татвараа нэмсэн байдаг юм билээ. Иймээс манай улс ч гэсэн энэ жишгээр ажиллах хэрэгтэй болсон. Мөн бидний хийхээр төлөвлөж буй ажлын нэг нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх байгаа.Үүний хүрээнд бид Боловсролын яамныхантай уулзаж, хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь эхлээд эрүүл мэндийн боловсрол олгодог болгох талаар санал солилцсон. Манай улсад олон хөтөлбөр хэрэгжсэн. Гэхдээ үр дүн хэр гарсныг мэдэхгүй. Энэ удаа бол дөрвөн хүчин зүйлд тулгуурлаж үндэсний хөдөлгөөн өрнүүлнэ. Иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой. Мөн дасгал хөдөлгөөн тогтмол хийх ёстой. Эрүүл мэндийн боловсролтой байх ёстой гэсэн чиглэлээр судалгаа явуулаад бодлого боловсруулсан. Эрүүл монгол хүн бий болгоход хамгийн их саад болж буй зүйл бл архи байна гэсэн дүгнэлт гарсан. Иймээс архины хэрэглээг бууруулах олон улсын арга туршлагыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бага зардлаар өндөр үр дүнд хүргэнэ. Манай улсын хүн амны ердөө 3,9 хувь нь л эрүүл аж төрж байна. Энэ үзүүлэлтийг 13,9 хувьд хүргэх зорилго тавьсан. Түүнчлэн иргэдийн 30 гаруй хувь нь илүүдэл жинтэй байгаа. Үүнийг бид бас бууруулна гэж тооцоолсон.
-Манай улсад архийг хүнсний дэлгүүрт чихэр шиг зардаг. Гэтэл гаднын орнуудад архи зардаг тусгай цэг байдаг гэсэн. Манай улс борлуулалт дээр ямар нэг өөрчлөлт хийх үү?
-Гаднын улсууд согтууруулах ундаа худалдан борлуулж буй нэг цэгт хэдэн хүн оногдож байна гэдгээр нь тооцоолсон байдаг юм билээ. Манай улс бол архи худалдан борлуулдаг цэгээрээ дэлхийд тэргүүлж байна. Хүүхэд талх авах гэж дэлгүүр ороод архи хараад байж болохгүй л дээ. Гэхдээ бид алдаанаасаа суралцах хэрэгтэй. Хатуу бодлого эргээд муу үр дагавар үүсгэдэг. Тиймээс зөв бодлого чухал. Манай улсад 6500 орчим хүнсний дэлгүүр бий гэсэн судалгаа гарсан. Эхлээд шууд хүнсний дэлгүүрт зарахыг хоригловол цаана нь энэ худалдаа эрхлэгчдийн амьжиргааны асуудал яригдана. Тэгэхээр шат дараалсан бодлого барих хэрэгтэй.
-Гадуур шагийн архи зарсаар байдаг. Энэ байдалтай огт тэмцдэггүй. Энэ талаар та бүхэн ямар хариулт өгөх вэ?
-Үйлдвэрээс гараад эргээд хяналтаа тавьдаг тогтолцоог бий болгоно. Хойд хөрш ийм байдлаар ажиллаад хуурамч архитай тэмцэх ажил нь нэлээд үр дүнд хүрсэн юм билээ. Бид хуульд өөрчлөлт оруулсан. Хууль нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Архины градусыг бага багаар бууруулна. Ууж идэхдээ тааруулж хэрэглэж сургах л бидний гол зорилго. “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн бол 10,20 жилийн дараа өндөр үр дүнд хүрнэ гэж харж байгаа. Одоо манай улс зөвхөн эрүүлжүүлээд л явуулдаг. Гэтэл донтолтыг нь эмчлэх ямар нэг ажил хийхгүй байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд архины донтолтыг эмчилдэг болох юм.
-Та урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх үзлэг алдаатай зүйл боллоо гэж харж байгаа. Ачааллаа дийлэхгүй байхад нэмээд дарамт үүсгэж байна. Эхний ээлжинд 60-аас дээш настай хүмүүсийг үзлэгт хамруулаад шат дараатай явсан бол зөв голдрилд орох байсан байх. Нарийн төлөвлөлгүй ийм үзлэг явуулснаар болоод янз бүрийн асуудал үүсэж байна. Өндөр зардалтай үр дүн муутай ажил боллоо гэж хөндлөнгөөс харж байна. Бидний зорилго бол бага зардлаар өндөр үр дүн гаргах л зорилготой байгаа. Жишээлбэл, бид саяхан 3000 гаруй хүүхдийг зүрхний гажиг илрүүлэх үзлэгт хамруулсан. Орон даяар зүрхний гажиг илрүүлэх үзлэг хийхэд 20 гаруй сая төгрөг л зарцуулсан. Өнгөрсөн хугацаанд үр дүнгүй баахан тоо л гаргадаг болсон байна. Бид зүрхний гажигтай хүүхдүүдийг илрүүлэх гээд судалгаа хийгээд үзэхэд өмнөх илрүүлэг, эмчилгээнийх нь үр дүн хангалтгүй байсан. Ийм байдалтай байхгүйн тулд бид баг сум бүрт очиж илрүүлэг явуулсан. Одоо Улаанбаатар хотод зүрхний гажигтай хүүхдүүдийн илрүүлэг үзлэг явуулна.
-Архинаас үүдсэн хорт хавдар элбэгшиж байгаа гэж мэргэжилтнүүд ярьдаг. Төр архидалттай тэмцээд ирэхээр нийгэм арай өөр болох байх гэж найдаж байна?
-Бид лоозогнохоос илүү үйл хөдлөлөөрөө харуулахыг зорьж байгаа. Манай улс хорт хавдраар дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Гэтэл хорт хавдрын олон шалтгаан архинаас шалтгаалсан байдаг. Тиймээс архидалт, дасгал хөдөлгөөн гээд шат дараатай ажил хийгээд ирэхээр тодорхой үр дүн гарна гэж найдаж байгаа.