Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өсвөр насныхны 43 хувь нь өөрийн харагдах байдал, гадаад үзэмждээ заримдаа дурамжхан байдаг

Ангилал
Хүүхэд, гэр бүл
Огноо
Унших
6 минут 37 секунд

Монголын өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлийн судалгааг "Оптимал Эн Макс" ХХК хийжээ.

Уг судалгаагаар өсвөр насныхны дунд сэтгэл гутрах, түгших, өөрийгөө гэмтээх гэх мэт дотогш чиглэсэн сэтгэл зүйн эрсдэлүүд болон бусдыг дээрэлхэх, архи, тамхи хэрэглэх гэх мэт гадагш чиглэсэн эрсдэлүүд хэр түгээмэл илэрч байгааг илрүүлэхийг зорьсон байна.

Түүнчлэн тухайн хүүхдийн гэр бүл, сургууль, үе тэнгийнхэн, эсвэл хувь хүний сэтгэл зүйн онцлог, стресст үйл явдал гэх мэт олон хүчин зүйлс хэрхэн нөлөөлж байгаа тухайд хариулт хайжээ.

Судалгаанд 14-19 насны 2,000 хүүхэд хамруулснаас бүрэн бөглөсөн 1,667 хариултад дүн шинжилгээ хийжээ. Үүнээс онцлох үр дүнг танилцуулж байна.

Өсвөр насныхны 64% нь "Гоё сайхан харагддаг хүмүүсээр дүүрэн сэтгүүл, нэвтрүүлэг үзсэний дараагаар би өөртөө итгэлгүй болдог" гэжээ

Өсвөр насныхан харагдах байдалдаа сэтгэл ханамжгүй байгаа нь сэтгэл зүйн олон эрсдэлийг дагуулж байгааг судалгааны багийнхан дүгнэлтдээ онцлов.

Тодруулбал, оролцогчдын 42.6 хувь нь өөрийн харагдах байдал, гадаад үзэмждээ заримдаа дурамжхан байдаг хэмээсэн бол 23 хувь нь үргэлж сэтгэл дундуур байдгаа илэрхийлсэн байна. Ингэж хариулсан хүүхдүүдийн дийлэнх нь охид болон нийслэлд амьдардаг хүүхдүүд байна. Гадаад үзэмждээ сэтгэл дундуур байх тусам хоолноос татгалзах, сэтгэл түгших, гутралд орох эрсдэл нь нэмэгдэж байгаа юм.

Хоолноос татгалзах хандлагын тухайд, оролцогчдын 29.8%-д уг хандлагын гурав болон түүнээс шинж заримдаа болон үргэлж илэрдэг байна. Үүнээс жин нэмчих вий гэх айдас, илүү туранхай болох юм сан гэж санаа зовох нь түгээмэл байв.

График 1, Өсвөр насныхны хоолноос татгалзах хандлага, 2022 он

Flourish logoA Flourish data visualization

Мөн өөр нэг онцлох ёстой үзүүлэлт бол судалгаанд оролцогчдын 64 хувь нь "Гоё сайхан харагддаг хүмүүсээр дүүрэн сэтгүүл, нэвтрүүлэг үзсэний дараагаар би өөртөө итгэлгүй болдог" гэдэгтэй их, бага хэмжээгээр санал нийлнэ гэж хариулжээ.

Амиа хорлох бодол, үйлдэлд эцэг эхийн зүгээс ирэх биеийн болон үгэн хүчирхийлэл хамгийн хүчтэй нөлөөлдөг

Судалгаанд оролцогч таван хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар нухацтай боддог, өсвөр насны зургаан хүүхэд тутмын нэг нь дор хаяж нэг удаа амиа хорлох үйлдэл хийж байсан байна. Энэ нь өмнөх судалгаануудын үр дүнг батлахаас гадна нөхцөл байдал өмнөхөөс сайжраагүй байгааг харуулж байгаа юм.

Амиа хорлох бодол, үйлдэлд гэр бүл доторх хүчин зүйлс, ялангуяа эцэг эхийн зүгээс ирэх биеийн болон үгэн хүчирхийлэл хамгийн хүчтэй нөлөөлж байна. Дараагийн эрэмбэд үе тэнгийн дээрэлхэлт, дарамт нь амиа хорлох бодол, үйлдэл үүсэхэд нөлөөлөх хандлагатай байна. Түүнчлэн сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар сул байх нь амиа хорлохыг завдахад хүргэх мөн нэг хүчтэй хүчин зүйл байв.

"Хүүхдүүдийн дунд нэгэндээ нэр хоч өгөх, янз бүрээр хэлэх буюу сэтгэл зүйгээр нь дээрэлхэх нь түгээмэл"

График 2, Өсвөр насны хүүхдүүдийн мэдэрч байсан дээрэлхэлтийн төрлүүд, 2022 он

Flourish logoA Flourish data visualization

Өсвөр насны 10 хүүхэд тутмын долоо нь ямар нэг байдлаар дээрэлхүүлж байжээ. Дээрх графикаас харвал, хүүхдүүдийн дунд нэгэндээ нэр хоч өгөх, янз бүрээр хэлэх буюу сэтгэл зүйгээр нь дээрэлхэх нь түгээмэл байна. Мөн бие махбодын хүчирхийлэл ч 40 орчим хувь байгаа нь анхаарал татах үзүүлэлт байгаа юм.

Мөн амьдарч буй байршлын нөлөө хүүхдүүдийн сэтгэл зүйд ихээр нөлөөлж байна. Дээрх судалгаагаар хотод амьдарснаар хүүхдүүд стресстэй үйл явдалд их өртөж, бусадтай өөрийгөө харьцуулж голдгоос сэтгэл гутрах зэрэг эрсдэлд илүү өртдөгийг тогтоожээ.

ЗӨВЛӨМЖ

Судалгааны үр дүнд тулгуурлан багийнхан холбогдох албан тушаалтнууд, гэр бүлийнхэнд нь зориулсан гаргасан зөвлөмжөөс хураангуйлан хүргэе.

БШУЯ болон сургуулийн захиргаанд:

  • Сургуулийн орчны үе тэнгийн дээрэлхэлтийн журмыг яаралтай батлах. Уг журамдаа багш, сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудын хийх үйлдлүүдийг нарийвчлан зааж өгөх
  • Хүүхэд хүнд хэцүү үеийг эергээр даван туулахад туслах сэтгэл зүйн ур чадвар олгох сургалтуудыг үндсэн хөтөлбөрт багтаах
  • Сурагч гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буйг мэдвэл ямар арга хэмжээ авах талаарх заавар, удирдамжийг боловсруулж, анги удирдсан багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудад танилцуулах

Багш, сургуулийн ажилтнуудад:

  • Сургуулийн орчинд багш хүүхэдтэй харилцах харилцаа нь хүүхдийн тархины хөгжил болоод насанд хүрсний дараах амьдралын чанарт хэрхэн нөлөөлдгийг судлах
  • Сэтгэл зүйн асуудалтай, хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдийн талаарх мэдээллийг ил задлах, хэт олон хүнд мэдэгдэх нь хүүхдийг илүү их аюултай байдалд оруулах эрсдэлтэй тул болгоомжтой хандах
  • Сэтгэл гутрал гэх мэт түгээмэл тохиолддог сэтгэл зүйн эрсдэлүүдийн шинж тэмдэгтэй танилцах, хэрэв хэн нэг сурагч сэтгэл зүйн эрсдэлд өртсөн байгааг анзаарвал түүнтэй ганцаарчлан уулзах, сэтгэл зүйчтэй ярилцахыг санал болгох

Эцэг эх, асран хамгаалагчдад:

  • Өсвөр насны хүүхдэдээ чанартай цаг гаргаж хэвших
  • Хүүхдийн сургууль дээрэлхлийн эсрэг журамтай эсэхэд болон үүний эсрэг ямар арга хэмжээнүүд авдаг талаар тодруулах, шаардлага тавих
  • Хүчирхийллийн шинжтэй цохих, түлхэх, алгадах, чимхэх гэх мэт үйлдлүүд хүүхдэдээ үзүүлэхгүй байх зэргийг зөвлөсөн байна.
Модны цагаан хөвөн харшилтай болгох уу
Модны цагаан хөвөн харшилтай болгох уу
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.