Тайлбар: Энэхүү бичвэр нь чөлөөт уран бүтээлчээс орж ирсэн материал тул манай сайт ямар нэг хариуцлага үүрэхгүй болно. Манай сайт нь иргэний сэтгүүлзүйг хөгжүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг тул иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэхэд ямагт бэлэн байдаг билээ. Бид хоёр талын байр суурийг гаргаж тэнцвэртэй мэдээлэл хүргэх зорилгоор ОБЕГ-ын хэвлэлийн ажилтан болон хошууч генерал Ж.Чүлтэмсүрэнтэй холбогдсон боловч эмнэлэгт хэвтэж байгаа дараа долоо хоногт гарна гэсэн тайлбар хэлсэн юм. Энэ талаар уг бичлэгт дурьдсан болно.
Ерөнхийлөгчийн автортой “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон хангайн бүсэд ойжуулалт хийх гол түшиц газар нь болжээ.
Ийм түшиц газрын нэг нь, Хялганат тосгоноос 100 км-т “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ногоон хөгжлийн төслийн нэгжийн хариуцаж буй мод үржүүлгийн талбай юм. Булган, Орхон аймгийнхан “Тэрбум мод”-ны амлалтаа биелүүлэх ганц найдвар нь гэнэ. Энд бойжуулсан суулгацууд Эрдэнэтийн хаягдлын далан, Орхон аймгийн ойр хавийг ногооруулж эхлээд буй.
Харин удаах нь Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд нээгдэх гэж байгаа юм байна. Энэ объект яг Хялганат тосгон дахь Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн хашаанд буй. ОБЕГ тус обьектийг 2022 оны 12 дугаар сард худалдан авсан аж. Гэхдээ цонх нь хагарч, хаалга үүд нь нурсан тус обьектийг 8 тэрбум гаруй төгрөгөөр өнгөрсөн өвөл худалдаж авсан нь энэ. Гайхалтай нь тус байгууламж зах зээлийн ханшаас өчнөөн дахин өндөр үнэ хүрснийг ойрын эх сурвалжууд гайхаад байгаа юм.
Тус обьект 1975 онд Хялганат дахь мод бэлтгэлийн үйлдвэрийн авто баазын зориулалтаар ашиглалтад орсон. 1990 оны хувьчлалаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын оролцоотой хувьчлагдсан талаар тосгоны ахмадууд хуучилна лээ. Түүнээс хойш монгол, хятад иргэдийн гар дамжин савхны үйлдвэр, түлшний үйлдвэрийн зориулалтаар ашиглагдаж байгаад одоогоос 10-аад жилийн өмнө П.Эрдэнэбат гэдэг хүний нэр дээр иржээ. Түүнээс хойш бараг ашиглагдаагүй аж. Гэхдээ хэдхэн жилийн өмнө газартай нь хамт 600-800 сая төгрөгөөр зарах тухай яригдаж байсан ч чадаагүй. Сонсох нь ээ, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн барьцаанд байсан аж. Ийн ашиглагдахгүй явсаар дээвэр нь цоорч, хана туурга нь цуурч, үйлдвэрлэл явуулах нь битгий хэл эргээд засаж өөд нь татаж авахад овоо ажил удахаар балгас болсон байна.
Гэтэл гэнэт чоно борооноор гэгчээр хамаг амьтны анхаарал нүүрсний хулгайн дуулианд автсан байх зуур Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн барьцаанаас суллаж, ОБЕГ-н мэдэлд оччихож.
“Эрдэнэт үйлдвэр” 12 тэрбум төгрөгөөр бүхэл бүтэн улсын хэмжээний тэрбум модны хэрэгцээг хангах ойн генетик нөөцийн төв босгочихоод байхад Онцгойгийнхон бараг тийм дайны мөнгөөр балгас худалдан авч байгаа нь жигтэй. Хамгийн хачирхалтай нь П.Эрдэнэбатыг уг обьектоо гурав орчим тэрбум төгрөгөөр зарсныг булганчууд тэр аяараа мэдэж байна.
Тэгэхээр үлдсэн 5 тэрбум төгрөг нь хаачсан байх вэ? Эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр туйлж байна уу? Аль эсвэл мөнгө угаалт уу?
ОБЕГ бол том төсөвтэй газар. Гэхдээ шилэн данс хөтлөлт, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах хууль журам мөрдөгдөггүй болсон газар. Цахим хуудаст нь ороод үзвэл 2017-2018 оноос хойш ямар ч хөтлөлт байдаггүй. Ийм нөхцөлд нүүрсний хулгайн 40 их наядын нэг хэсэг гэж хардах ч боломжтой билээ.
“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд ОБЕГ 1.8 сая мод тарихаар амлалт авсан. Уг Ажлын хэсгийг ОБЕГ-ын Тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн ахалж буй юм. Тиймээс бид энэ талаар Ж.Чүлтэмсүрэнгээс тодруулахаар холбогдсон боловч хэвлэлийн төлөөлөгч нь түүнийг хөдөө явсан, ирэх 7 хоногийн эхээр ирнэ гэв. Харин Ж.Чүлтэмсүрэн өөрөө эмнэлэгт байгаа, ирэх 7 хоногийн сүүлээр гараад хариу өгье гэв.
Ж.Чүлтэмсүрэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2022 оны 7 дугаар сард Бригадын генерал цол хүртсэн бөгөөд 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ажилтны курсыг төгссөн. 2017 онд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, 2020 оноос ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даргаар томилогдон ажиллаж буй аж.
“Тэрбум мод” хөтөлбөр Ерөнхийлөгчийн гадаад дахь имижийг тодорхойлж яваа манай улсын дипломат бодлогын чухал хэсэг. Тиймдээ ч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүндэт индрээс дэлхий нийтэд амласан амлалтдаа хүрэх гэж уул уурхай, банк санхүүгийн салбарынхан энэхүү санаачилгыг хэрэгжүүлэхэд санхүүгийн гол ачааг үүрч байгаа. Гэтэл гэгээлэг нэртэй “Тэрбум мод” хөтөлбөр хэн нэгэнд тэрбум тэрбумаар ашиг хонжоо олж, мөнгө угаалтын гэмт хэргийн сэдэл болох ёсгүй.
Хууль хяналтынхан ОБЕГ-ын нэр дээр шилжсэн Хялганат дахь барилгыг чухам ямар эх үүсвэрээр хэрхэн худалдан авсныг шалгах шаардлагатай байна.