Сүүлийн өдрүүдэд манай улсад өрнөж буй халуун сэдэв хурдан морины хаврын уралдааны тухай байлаа. Энэхүү асуудлын эргэн тойронд олон янзын мэдээлэл хөвөрч байна. Иймээс Тогтвортой клубийн хамт олон унаач хүүхдийн эрхийн талаар уулзалт хийлээ. Уг уулзалтын гол зочин УИХ-ын гишүүн, хуульч өмгөөлөгч Х.Баасанжаргал, “Грандлекс партнер” хуулийн фермийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч С.Халиунаа нар байлаа. Уулзалтын эхэнд Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчдийн клубийн тэргүүн С.Даваадулам “Засгийн газар хаврын морин уралдааныг зохион байгуулъя гэсэн шийдвэр гаргалаа. Нэг жишээ хэлэхэд, 2018 оны “Дүнжингарав” говийн бүсийн уралдаанд оролцсон нэг хүүхэд олдохгүй ээж аав нь тал газраас хүүхдээ хайж их тэвдсэн. Учир нь энэ уралдаан орой 22 цагт дуусаж харанхуйд хүүхэд нь олдохгүй байсан юм билээ. Үүний өмнөх жил буюу 2017 онд улсын хэмжээнд нийт 300 гаруй морин уралдаан зохион байгуулагдсан гэсэн статистик бий. Өнөөдөр энэ байдал дахин давтагдах нөхцөл үүслээ. Энэ талаар та бүхэн санаа бодлоо хуваалцана уу хэмээв.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ярихдаа “Жагсаал нэлээн өндөр зохион байгуулалттай шийдвэр гарах нь бараг тодорхой болчихсон байсан. Иймээс би өөрийнхөө чадах хэмжээнд хүүхдийн төлөө дуу хоолойгоо хүргэхээр шийдсэн. Шүүхийн шийдвэртэй асуудал учраас Засгийн газар арай ч хүүхдийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргахгүй байх гэж итгэж найдаж суусан. Гэтэл хүүхдийн эрхийг хөсөр хаяад уяачдыг дэмжсэн шийдвэр гаргаж, нөхцөл байдал эсрэгээрээ эргэчихлээ. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Гэхдээ шийдвэрийг амаар танилцуусан. Бичгээр баталгаажуулахад 14 хоногийн хугацаа бий. Тиймээс миний итгэл найдвар хараахан тасраагүй байна. Ерөнхий сайд битгий хүлээж аваасай гэж бодож байна. Энэ хугацаанд үйл явц өрнөсөөр байгаад цагаан сартай давхцаад уралдаан болж болзошгүй нөхцөл бүрдчихлээ” гэлээ.
Яагаад өвөл, хавар гэж яриад байна вэ гэвэл морь уяах бэлтгэл ажил өвөл хангагддаг учраас энэ хоёр үгийг хуулийн процесст зайлшгүй хамт хэрэглэж байгаа. 2017 онд анх унаач хүүхдийн эрхийг хамгаалах талаар шүүхдэж байхдаа, олон асуудлыг хөндөж иргэний нийгмийн болон төрийн бус 12 байгууллага оролцож байсан. Тухайн үед хоёроос гурав хоногийн дотор шүүх актын бэлтгэл хангах хурал зарлаад түтгэлзүүлсэн. Уралдаан зохион байгуулж болохгүй гэсэн шийдвэр гаргаад байхад 2018 оны “Дүнжингарав” уралдаан зохион байгуулагдаад шөнө дөл болтол үргэлжилж цагдаагийнханд хүртэл нэлээн ажил удсан шүү дээ. Бид маргаан үүсгээд явж байтал уралдаан болсон. Тэгэхээр нь Засгийн газар хүүхдийн эрх зөрчиж байна гэдэг маргааш үүсгэсэн. Ингээд дахин процесс үргэлжлээд өнгөрсөн хугацаанд Засгийн газар хүүхдийн эрх зөрчиж байжээ гэсэн шийдвэр гаргуулсан. Мөн тухайн үед дээд шүүхэд гомдол гаргасан. Дээд шүүх олон улсын гэрээ конвенцийг хэрэглээд хүүхдийн эрхийн зөрчил байна гэдгийг тогтоосон нь хамгийн том дэвшил байсан. Бид мөн тухайн үед Засгийн газарт дахиж ийм захиргааны акт гаргахгүй гэдэг тогтоолоо гаргаач гэсэн хүсэлт тавьсан. Гэвч Засгийн газар хүлээж аваагүй. Бид давж заалдах шатны шүүхэд маргаан гаргаад Засгийн газар 57 дугаар акт гаргасан. Үүнийгээ шүүхийн өмнө авчирч тайлбарласан. Энэ тогтоолд 10 сарын 1-ээс тавдугаар сарын 1 хүртэл бүх төрлийн хурдан морины уралдаа, сунгаа зохион байгуулахгүй, 18 хүртлэх насны хүүхдээр хурдан морины унуулахгүй гэсэн тогтоол гарч шүүхээр баталгаажуулсан. Гэтэл энэ тогтоолоосоо урваж шийдвэрээсээ буцчихаад байна гэдгийг онцлов.
Хуульч өмгөөлөгч С.Халиунаа “Би 2014 онд Хүүхдийн төлөө газар ажиллаж байхаасаа хурдан морины уралдаан, унаач хүүхдийн нөхцөл байдлыг мэддэг болсон. Шүүхийн шийдвэрийг зөрчинө гэдэг байж болохгүй үйлдэл. Жагсаал зохион байгуулагчид бол импортын азарганы бизнес эрхлэгчид байсан. Нэг ёсны бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс гэх юм уу даа. Гэтэл жирийн малчин монгол морио уядаг хүмүүс бол хаврын хахир цагт малаа яаж онд оруулъя гэж л бодож суугаа шүү дээ. Хотод ирээд морь уралдуулъя гэж жагсаад байхгүй. Захиргааны нөхцөлөөр тогтоосон зүйлийг өөрчлүүлээд өөрсдийгөө дэмжсэн шийдвэр гаргуулна гэдэг бол цаана нь маш том лобби байгаа нь л цухалзаж байна. Одоогийн байдлаар бичгээр шийдвэр гараагүй учраас хуульчид хөдөлж болохгүй байна. Асуудлыг түтгэлзүүлэх шийдвэр Цэц дээр биш зөвхөн захиргааны хэргийн шүүх дээр л гардаг. Гэхдээ ямартай ч итгэл найдвар бий хэмээсэн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.