Өнөөдөр дэлхий дахинд иргэний нийгмийн өдөр тохиож байна. Энэ өдөр “Өөрчлөлтийн дуу хоолой” иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлгийг Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Германы “Доче вилл” академи, Монгол дахь Европын холбооны төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн эхэнд Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд бөгөөд төлөөлөгчийн газрын тэргүүн хатагтай Ина Марчюлёните үг хэллээ. Тэрбээр “Энэ жил иргэний нийгмийнхэнд зориулсан арга хэмжээг хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөсний эхлэл нь энэхүү хэлэлцүүлэг болж байна. Би маш олон оронд ажиллаж үзсэн. Зарим оронд иргэний нийгмийн байгууллага үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй байдал үүсдэг. Харин Монгол орны хувьд иргэний нийгмийн байгууллага үйл ажиллагаа явуулахад маш таатай нөхцөл бүрдсэн гэдгийг онцлон хэлмээр байна. Гэхдээ мэдээж хууль эрхзүйн орчныг сайжруулах асуудал байгаа байх” хэмээлээ.
Манай улс 2021 онд олон улсад иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог дэмжихдээ сайн гэсэн үнэлгээ авч байсан бол өдгөө энэхүү амжилтаасаа ухарсныг Энхтайваныг цогцлоох хүрээлэнгийн захирал Б.Болорсайхан дурдсан юм. Тэрбээр “Олон улсад иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг хумих хууль тогтоомж хүчтэй болж байгаа. Манай улсад ч гэсэн учир дутагдалтай зүйл бий. Миний бодлоор Төрийн бус байгууллагуудын тухай хуулийг өөрчлөөд дараа нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчилж, хамгийн сүүлд нь сангийн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй байх. Сүүлийн үед тероризм мөнгө угаах гэмт хэрэгт төрийн бус байгууллагуудын татан оролцуулж буй үйлдэл гарч байгаа. Энэ бүхнээс үүдээд иргэний нийгмийн байгууллагын дуу хоолой суларч болзошгүй байна. Уг нь бол иргэний нийгмийн байгууллагууд илүү тод чанга дуугарч байж ардчилал бэхжих учиртай. Мөн манай улсын иргэний нийгмийн байгууллагууд ихэнхдээ барууны орны төсөл хөтөлбөрөөр санхүүждэг болохоор барууны үзэл суртлыг сурталчилсан гэсэн шахаанд орж болзошгүй байгаа гэдгийг онцлов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.