Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт Элэг шилжүүлэн суулгах баг анх 2009 онд байгуулагдаж, анхны мэс заслаа 12 жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр БНСУ-ын Асан анагаах ухааны их сургуулийн элэг шилжүүлэн суулгах багийн хамт олонтой хийж байсан түүхтэй.
Тэгвэл тус баг өнгөрсөн гуравдугаар сард элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслаа амжилттай хийж, өнөөдөр өвчтөний биеийн байдал сайжраад байна.
Өвчтөн 47 настай эрэгтэй Б, элэгний B, D хавсарсан вирусийн гаралтай элэгний хатуурал, элэгний эмгэгийн эцсийн шатанд орсон үйлчлүүлэгч аж. Түүнд төрсөн дүү нь элэгээ өгчээ.
УНТЭ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Б.Хишигжаргал элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслын үеэр “Элэг шилжүүлэн суулгах мэс засал нь орчин үеийн анагаах ухааны хөгжлийн томоохон үзүүлэлт юм. Манай эмнэлэг нь элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлснээс хойш 200 дахь мэс заслаа амжилттай хийгээд байна. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд мэс заслын эмчээс гадна мэдээгүйжүүлэг унтуулгын эмч, лаборатори, дүрс оношилгоо, дотрын эмч, сувилагч зэрэг маш олон баг ордог. Манай эмнэлэг нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын долоо хоногтоо нэг удаа хийх хүчин чадалтай хэдий ч үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлага их байгаа учраас менежментийг эмнэлэг дотроо хийж, аль болох шаардлагатай гэсэн хүн болгонд мэс засал хийж ажиллаж байна. 2022 онд хийсэн мэс заслын тоог харвал 2021 оныхоос даруй хоёр дахин их байна. Энэ нь манай эмч, мэргэжилтнүүдийн чадвар, зүтгэлийг харуулж байна. Цаашид бид Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог дэлхийн жишигт ойртуулахын тулд эмчилгээ, оношилгооны дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэн ажиллах, хүний нөөцөө чадавхжуулах бодлого барин ажиллах болно” гэдгийг энэ үеэр онцоллоо.