Хөгжлийн бэрхшээлтэй иргэд /ХБИ/-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нөлөөллийн семинар” есдүгээр сарын 28-нд боллоо. ЖАЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, ЖАЙКА-гийн сургалт төгсөгчдийн холбоо, ЖАЙКА-гийн “Монгол Улс дахь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх /DPUB2/ төсөл”, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл, “Тэгш байдал чадамж” ТББ-ын хамтарсан энэхүү сургалтаар Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэг болон төрийн бусад байгууллага, хувийн хэвшлийнхний төлөөлөл болсон 90 орчим хүн хамрагдлаа.
“Тэгш байдал чадамж” ТББ-ын тэргүүн Х.Батчимэг ЖАЙКА-гийн хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Нагоя хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих чиглэлээр гурван долоо хоногийн сургалтад хамрагдаад иржээ. Япон улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх асуудлын бүрэн шийдсэн орны нэг бөгөөд одоо хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрхэн хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, бусдаас хараат биш амьдрах орчныг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулж эхэлжээ.
“Монгол Улс дахь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх /DPUB2/ төсөл”-ийн хүрээнд бэлтгэгдсэн ААН-үүдэд нөлөөлөх нөлөөллийн багийн гишүүн Х.Батчимэг, Х.Мөнхтуул нар Нагоя хотод суусан сургалтаас мэдсэн сурснаа албан байгууллагуудад танилцуулах, хөгжлийн бэрхшээлийн талаар олон нийтийн дунд тогтсон зөрүүтэй ойлголтыг залруулах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулсан юм.
Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 115115 хүн бүртгэлтэй байгаагаас 8208 буюу 7-8 хувь нь албан ёсоор хөдөлмөр эрхэлдэг. 9588 хүн хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 4621 нь гэрийн ажилдаа туслах зэргээр хөдөлмөрлөж гэртээ байдаг гэж 2020 оны ХБИ-ийн ахуй амьдралын судалгаанд хариулжээ.