“Азийн Хөгжлийн Банк” болон “Уур амьсгалын ногоон сан”-гийн санхүүжилтээр “Ногоон орон сууц төсөл”-ийг нийслэлээс хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд газрыг орон сууцаар солих талаар СХД-ийн 8 дугаар хорооны иргэдэд таниулах үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Үйл ажиллагааг нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нээн үг хэлэхдээ “Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгохыг зорьж буй. Энэ ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Ингэхдээ иргэдтэйгээ хамтран ажиллана. Баянхошуу дэд төвийг тойрсон орон сууцжуулах бодлогыг ногоон орон сууц чиглэлээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл эрчим хүчний хэмнэлттэй, иргэдэд ээлтэй орчин бүхий орон сууцны хороололтой болно. Энэ орчим Монгол Улсын Ерөнхий сайд болон хотын даргын дэвшүүлж буй “20 минут”-ын хот болох эхний цэг болж байна. Эхний ээлжийн эхний блок болох 110 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно. Тиймээс энэ хавраас дараагийн ээлжийн 446 айлын орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Эхний ээлжийн блокт СХД-ийн 8 дугаар хорооны иргэд та бүхэн газраа орон сууцаар солих боломжтой. Ингэснээр дараа, дараагийн бүтээн байгуулалтын ажил хурдсах давуу талтай. Газрыг орон сууцаар солих ажил энэ сарын 18-наас эхэлнэ” гэв.
“Ногоон орон сууц төсөл”-ийн хүрээнд Баянхошуу дэд төвд 2260 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжиж буй. 2023-2025 онд 336 айлын ногоон орон сууцны барилгын ажил хийгдэнэ. Тэгвэл энэ оны 4 дүгээр улиралд эхний ээлжийн 110 айлын орон сууц ашиглалтад орох юм. Тус 110 айлын орон сууцанд СХД-ийн 8 дугаар хорооны иргэд өөрийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгөө хөндлөнгийн итгэмжлэгдсэн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, орон сууцаар дүйцүүлэн солих нөхцөл бүрдлээ. Газрыг орон сууцаар солихдоо иргэдийг түрээсийн орон сууцаар хангана.