Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хаягдсан тосгоны хүлцэнгүй иргэд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 22 секунд

Улаанбаатараас нэлээд зайдуу уулын ар бэлд жижигхэн тосгон бий. Уг тосгоны иргэдийн дийлэнх нь хагас фермержсэн аж ахуй эрхэлж амьдралаа залгуулдаг. Энэхүү газрын албан ёсны хаяг нь Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны тавдугаар баг. Газрын нэршил нь Ар шижир. Олны сайн мэддэгээр Партизаны сангийн аж ахуйгаас баруун урагш долоон километрийн зайд Ар шижир гэх буйдхан тосгон бий. Тус газарт ойролцоогоор 40 орчим өрх суурьшдаг. Сургуулийн насны хүүхэд цөөн талдаа болохоор энд сургууль, цэцэрлэгийн аль аль нь байхгүй. Жижиг суурингийн гол хавьд дөрвөлжин улаан тоосгон байшин онцгойлон харагдах агаад жижигхэн хаяг хадсан нь ямар нэгэн албан газар болохыг холоос очсон хүмүүст илтгэнэ. Байшингийн төмөр хаалга зэвэнд идэгдэж, салхинд үл мэдэг чихран дуугарч онгойж хаагдах аж. Үүдэнд нь хэзээ мөдгүй хэмхэрч унах шахсан, будаг нь халцарсан нар, салхинд гандсан модон сандал үзэгдэнэ.

Засаг даргатай уулзах санаатай уг байшингийн хаалгаар явж орвол, хамгийн сүүлд шинэ жилээр л энэ

байшин хөл хөгжөөнтэй байсныг гэрчлэх мэт хананд өлгөсөн хэдэн саа, хий нь гарч шалчийсан шаар, эвдэрч унасан модон ширээ тэргүүтэн нүдэнд торов. Эл байшин эзнээ хүлээсээр элэгдэж хуучирсан нь энэ. Засаг дарга нь өдрийн од шиг үзэгддэг эл газарт ганц даам хүн нь хэсгийн ахлагч нь юм байна. Цардмал замаасаа гурван километрийн зайд орших Ар шижирийнхний ганц хүлээдэг унаа нь сүүний машин. Сүү хувьцаат компанийн машин очиж үхэртэй иргэдийн сүүг худалдаж авдаг аж. Энэ суурингийн иргэдийн дийлэнх нь хөгшчүүл. Насаараа мал бараадсан болохоор энэ л газартаа дасаж хэмээн нэгэн хөгшин өгүүлж суулаа. Фермерчдэд оройн саалийн сүүгээ хадгалж хонох хамгийн бэрхшээлтэй асуудал байдаг аж. Хэдийгээр цахилгаантай ч гэсэн зай багтаамж муутай хөлдөөгчинд олон литр сүү багтаах амаргүй гэж иргэн А ярьж байлаа. Иймээс гурван жилийн өмнө нэг өрх 450 мянган төгрөг нийлүүлж жижиг байшин барьж дотор нь сүү хөргүүрийн танк буюу ёмкось байрлуулжээ. Гэвч цахилгааны хүчдэл дийлэхгүй гэх шалтгаар өнөөдрийг хүртэл ажилласангүй. Иргэд өнөөх л сүү хадгалах бэрхшээлтэйгээ нүүр тулсаар өдөр хоногийг өнгөрүүлж сууна. Эндэхийн иргэдийн бас нэг сэтгэл зовоосон асуудал нь цардмал зам хүртэл явдаг гурван километр шороон зам юм. Хөрсний нуранги ихтэй сул зөөлөн шороотой болохоор хавар уг зам шар усны үерт автаж, сургуулийн хүүхдүүд 10 хоног хичээлдээ явах боломжгүй болж, хот руу ирсэн иргэд гэрийн бараа харж чадалгүй замын цаана гацжээ.

Ар шижирийнхний олонх нь иргэдийн хурлын тэргүүлэгч гэж ямар хүмүүс байдгийг мэддэггүй. Иргэдийн хурлын тэргүүлэгч гэж хүмүүсийн барааг харалгүй дөрвөн жил болж буйгаа дуулгасан юм. Ер нь энэ газарт төрийн үйлчилгээ хүрдэггүй аж. Түргэн тусламж дуудахад өнөөх нь зам бартаатайгаас болоод хурдан ирэх боломжгүй байдаг тухай тэндэхийн иргэд ярьж байлаа. Ийн хотын хөдөөгийн жижиг тосгон төрийн үйлчилгээнээс хаягдаж, түмний соёлоос гээгджээ.

Тус газрын хэсгийн ахлагч нь суурьшихаар очсон хүмүүсийг алаг үзэж, элдвээр хавчиж гадуурхдаг тухай ч нэгэн оршин суугч нь ярьсан юм. Бурхангүй газрын бумба галзуурна гэдэг шиг энд хэсгийн ахлагч нь хамгийн эрх мэдэлтэй хүн нь аж. Тэр хүний үгийг сөрвөл энэ тосгоноос нүүхээс өөр аргагүй болтлоо хавчигдана гэдгийг ч зарим иргэд хэлж байв. Уг нь хэсгийн ахлагч гэдэг нь айлуудаараа орж амьдралыг нь судалж, төрөөс ямар үйлчилгээ явуулж буй талаарх мэдээллийг хүргэх үүрэг хүлээх учиртай. Гэвч Ар шижирийн хэсгийн ахлагч айлуудаар явж амьдралыг нь судлах нь бүү хэл иргэдийнх нэрийг ч мэдэхгүй явдаг талаар иргэд нь ярьж байна.

Ар шижирийнхэн нэгнийхээ машинд сар бүр шатахуун хийж өгөөд сургуулийн хүүхдээ ээлжилж Партизан руу зөөдөг тухай ярилаа. Нэг хүүхдийн сургуульдаа хүргүүлэх зардал нь сарын 50 мянган байдаг гэнэ. Дотуур байранд суух гэхээр холын хүүхдүүдээ авна гэдэг болохоор бид өглөө, оройдоо өөрсдийн унаагаар хүүхдээ зөөдөг гэж иргэн Д хэллээ. Бид долдугаар ангийн Ц-тэй уулзахад тэрбээр “Бид сар бүр 50 мянган төгрөгөөр сургуульдаа ирж очдог. Зарим анги нь тарах болоогүй бол машиндаа суугаад л бусдыгаа хүлээдэг. Уг би дотуур байранд сууя гэсэн боловч багтахгүй гэж байсан. Энэ жилээс өргөтгөл хийж чадвал ирэх жилээс авна гэж байгаа. Би сургуулийн автобус гэж байдгийг мэдэхгүй байна. Уг сургуулийн автобус явдаг болгочихвол зүгээр л байна. Нэг машинд цүнхээ тэврээд долоо наймуулаа шахцалдаж суухгүй шүү дээ” гэж ярилаа.

Ар шижирийн бүх айлын хаяг тоот ойлгомжгүй хашаанууд нь нэг нэгтэйгээ угсраа байрладаг болохоор галын аюул гарвал тосгоноороо өртөнө гэдгээс хамгийн их айдаг гэж нэг иргэн ярив. Тэрбээр гадаадад амьдарч байгаад коюидын үед эх орондоо ирсэн бөгөөд эрчимжсэн мал аж ахуй эрхлэхээр шийдэж Ар шижирийг сонгон суурьшсан байна. Гэвч гудамжны зохион байгуулалт ойлгомжгүйгээс болоод гурав дахь удаагаа хаягийг шинэ тоот авахаас өөр аргагүй болоод явж буйгаа ярилаа. Мөн зарим иргэний газар өөр хүнийхтэй давхацнаас болоод зөвшөөрлөө авч чадахгүй удаан хөөцөлдөж байгаагаа ч зарим иргэн хэлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт 114 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 114 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ
 
“Цөмөөч ханхүү ба хулганы хаан” балетад хүүхдүүд ээжтэйгээ тоглоно
“Цөмөөч ханхүү ба хулганы хаан” балетад хүүхдүүд ээжтэйгээ тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.