Өсвөр үеийнхий дунд жирэмсэлт элбэг тохиолдож буй нь хүүхдийн эрхийн төлөө ажилладаг байгууллагуудын санааг чилээсэн асуудал болжээ. Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэгт зүй ёсоор ордог Сонгинохайрханы хувьд ч өсвөр үеийнхний жирэмсэлт үр хөндөлт мөн л санаа зовоосон асуудлын нэг болсон талаар өсвөр үеийн кабинетын эмч нар хэлж байна. Бид өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэнд хийгээд бэлгийн боловсролыг сургуулийн насныханд хэрхэн хүргэж буй талаарх мэдээллийг Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Өсвөр үеийн кабинетын эмч Б.Энхтуяатай уулзаж ярилцлаа. Тэрбээр “Манай өсвөр үеийн кабинет 2023 оны арваннэгдүгээр сард байгуулагдсан. Үйл ажиллагаа явуулаад зургаан сар боллоо. Энэ хугацаанд манай өсвөр үе кабинетаар 1200 гаруй хүүхэд үйлчлүүлсэн байна. Эдгээр хүүхдээс урьдчилан сэргийлэх байдлаар үзлэгт хамрагдсан хүүхдүүд бас бий.
Манай кабинетын харьяанд ерөнхий боловсролын 14 сургууль байдаг. Бид эдгээр сургуулиас тав дээр нь очиж үзлэг хийсэн. Ерөнхийдөө 800 гаруй хүүхдэд үзлэг хийсэн байна. Мөн амбулаторийн тусламж үйлчилгээ авсан 400 гаруй хүүхэд бий. Амбулаториар үйлчлүүлсэн хүүхдүүдийг ажиглахад ерөнхийдөө бэлэг эрхтэний үрэвсэлтэй хүүхдүүд элбэг байсан. Мөн бэлгийн замын халдвартай гэж бүртгэгдсэн 30 орчим хүүхэд эмчлүүлж байгаа. Түүнчлэн өсвөр насны жирэмслэлтийн тоо буурахгүй байна. 2024 оны зургадугаар сарын байдлаар өсвөр насны жирэмслэлтийн 45 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр хүүхдүүд эхэндээ эмчид хандахдаа үр хөндүүлэх хүсэлтэй ирдэг. Гэхдээ өөрсдийнх нь цаашдын ирээдүй, үр хөндөлтийн үр дагавар гээд олон талын зөвлөгөө өгсний дараа олонх нь хүүхдээ тээж төрүүлэх шийдвэрт хүрдэг. Гэр хороолол давамгайлсан дүүрэг учраас бэлгийн замын хүчирхийллийн хохирогч болж жирэмслэх тохиолдол гардаг. Гэхдээ энэ бол харьцангуй бага тохиолдол. Ихэнхдээ охид харилцан тохиролцсоны үндсэн дээр бэлгийн хавьталд орж жирэмсэлсэн байдаг. Жирэмсэн болж ирсэн охидын ээж аав нар нь 40 гаруй насны хүмүүс байдаг болохоор хүүхдийг нь төрүүлүүлэх шийдэлд хүрдэг. 2024 он гарснаас хойш зургаан хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн статистик бий. Өнгөрсөн жил л гэхэд өсвөр насны буюу 16-17 насны 48 ээж хүүхдээ төрүүлсэн.
Бид нар өсвөр насныханд мэдлэг мэдээлэл өгөхөөс илүүтэй үе тэнгийнхэн нь бэлгийн боловсролын талаар ярьж өгөх нь үр дүнтэй байгаа юм шиг санагддаг. Тиймээс манай өсвөр үе кабинет дүүргийн Засаг даргын тамгын газарт үе тэнгийн сургагч багш бэлтгэх төсөл бичиж өгөөд бидний төсөл шалгарч, эхний ээлжинд 30 хүүхдийг үе тэнгийн сургагч багшаар бэлтгэсэн. Өнгөрсөн сард хүүхдүүд үе тэнгийн сургагч багш болж төгссөн. Бид цаашид 100 гаруй хүүхдийг үе тэнгийн сургагч багшаар бэлтгэхээр зорьж байгаа. Есдүгээр сараас хүүхдүүдийг бэлтгэж эхэлнэ. Ингэхдээ насных нь байдлыг бас харгалздаг. Ерөнхийдөө 13-15 насныхныг сонгож үе тэнгийн сургагч багшийн сургалтад хамруулж байгаа” хэмээн ярилаа. Дүүргийн өсвөр үе кабинетынхны бэлтгэсэн сургагч багш нар өсвөрын сургагч багш нэртэй клуб байгуулан ажиллаж байгаа аж.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 13 настай хүүхэд жирэмсэлсэн тохиолдол мөн бүртгэгдсэн байна. Ерөнхий боловсролын ахлах ангийнхан бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролын талаар хэр мэдлэг мэдээлэлтэй байна гэсэн судалгаа явуулж эхэлжээ. Судалгааны дүнг ирэх есдүгээр сард нэгтгэж дүгнэнэ гэсэн мэдээллийг Б.Энхтуяа эмч хэллээ.
Охид гэхээс илүү хөвгүүд бэлгийн боловсролын талаар илүү мэдлэг мэдээлэлтэй байдаг аж. Гэхдээ эмчийн үзлэгээр хөвгүүдийн дунд бэлгийн замын халдварт өвчин илүү тохиолдож байна гэж эмч ярилаа. Мөн өсвөр насны хөвгүүдийн дунд шодой буюу тээрхийн арьс шамлагддаггүй эмгэг буюу пимоз элбэг байгаа нь үзлэгээр илэрсэн байна. Өсвөр үеийнхэнд гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдээллийг илүү сайн хүргэж байх хэрэгтэй хэмээн Б.Энхтуяа эмч онцолсон юм.
Бид мөн нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч Б, Г, М нартай уулзлаа. Тэд “Бид үе тэнгийнхнээсээ нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдээллийг түлхүү олж авдаг. Ер нь дотны сайн найзтайгаа л мэдээллээ хуваалцдаг гэж хэлж болно доо. Түүнээс аав, ээжтэй ярилцаж чаддаггүй. Эрүүл мэндийн хичээлээс ч тэр бүр бүрэн дүүрэн мэдээлэлтэй болж чаддаггүй гэсэн хариулт өглөө. Мөн бид нийслэлийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ч.Н нартай уулзсан юм. Тэд хэлэхдээ “Бидний хувьд интернэт орчноос хэрэгтэй мэдээллээ олж авдаг. Гэхдээ эрүүл мэндийн хичээлээс илүү их мэдлэгийг олж авч байгаа. Эрүүл мэндийн хичээлээр бүх зүйлийг заадаг” хэмээн ярьсан юм. Судалгаанаас харахад манай улсын хэмжээнд таван сурагч тутмын нэг нь бэлгийн харьцаанд орж үзсэн. Тэд 14 наснаасаа өмнө анх удаа бэлгийн хавьталд орсон гэж хариулжээ.