Монгол Улсын эмийн зах зээлд олон жил бугласан “идээ бээр” эхнээсээ хагарч байна. Чанаргүй, бүртгэлгүй, хуурамч хэрнээ “хөөсөрсөн” өртөгтэй эм, эмийн бүтээгдэхүүнийг монголчууд хяналтгүй хэрэглэж ирснийг төр засгийн түвшинд анх удаа авч хэлэлцсэн нь “Эмийн сонсгол” байв. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг манай улс 2014 онд баталснаас хойш найман жилийн дараа хэрэгжилтэд нь аудит оруулахад маш хангалтгүй дүн үзүүлсэн билээ. Үүний дагуу Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороог байгуулжээ. Ингэснээр өнгөрсөн дөрөвдүгээр сард “Эмийн сонсгол” хийх нөхцөл үндсэндээ бүрдсэн гэсэн үг. Сонсголоор эрх баригчид эмийн чанар, бүртгэлийн талаар түлхүү ярьж, хэвлэлүүд түүнийг нь “шүүрч”, иргэд ч нийгмийн сүлжээнд энэ талаар л “шуурч” байлаа. Асуудал аажимдаа намжиж, мартагдсан. Гэтэл та, бидний даатгалын мөнгийг олон жилийн турш хууль бусаар зарцуулж ирсэн нь дээрх аудитаар ил болсон байхад “Эмийн сонсгол”-ын ард хав дарагдчихав. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас хөнгөлөлттэй эмд олгодог санхүүжилтийг хууль бусаар зарцуулж, 17 тэрбум төгрөг эзэн холбогдогчгүй сох дутчихаад байна. Энэ “хэргийн” мөрөөр сурвалжилснаа хүргэе.
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтаагүй эмд хөнгөлөлт үзүүлэх, түүнийг нийлүүлэгчдэд даатгалаас санхүүжилт олгох хууль тогтоомж, дүрэм, журам манайд байхгүй. Гэтэл эл тогтолцоог зөрчин, хөнгөлөлттэй эмийн IX жагсаалтад багтаагүй эм, эмийн бүтээгдэхүүнүүдэд буюу тэдгээрийг нийлүүлэгчдэд 2016-2021 онд нийт 17 тэрбум төгрөгийн санхүүжилт даатгалаас олгосныг Үндэсний аудитын газар (ҮАГ)-ын хяналт шалгалтаар ил болгосон. Тус газрынхан Төрөөс эмийн талаар баримтлах бодлого, түүний хэрэгжилтэд анх удаа гүйцэтгэлийн аудит хийж, олон зөрчил, дутагдал илрүүлсний нэг нь энэ юм.
Хөнгөлөлттэй эмийн жагсаалт гэж юу вэ. Энгийнээр тайлбарлавал, иргэд шаардлагатай эмээ худалдан авахдаа үнийн хөнгөлөлт эдэлнэ, зөрүү мөнгийг даатгалын сангаас эм нийлүүлэгчдэд олгодог тогтолцоо. Олон улсад ч даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт, урамшуулал үзүүлдэг жишиг бий. Энэ нь ихэвчлэн дундаж, түүнээс доогуурх орлоготой, байнгын эм хэрэглэх заалттай иргэдийг дэмжих, тэднийг чанартай эмээр хангах, тасалдуулахгүй байх, цаашлаад эрүүл мэндийн байгууллагууд болон эмчлүүлэгчдэд учрах эдийн засгийн дарамт, бэрхшээлийг хөнгөвчлөх бодлого гэсэн үг. Бүх л улс орон ийм зарчмаар ажилладаг. Мэдээж эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэхийн тулд төр засгаас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг баталж, иргэдэд 30-100 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөл бүрдүүлдэг юм. Өдгөө манай улс хөнгөлөлттэй эмийн X жагсаалтыг нийтээр мөрдөж буй.
“Зүсээ хувилгасан” 111 төрлийн эмд хөнгөлөлт үзүүлсэн нь
ҮАГ-ынхан эмийн талаар баримтлах бодлого, үр нөлөөг нь үнэлэхдээ 2016-2020 оныг хамруулан шалгасан бөгөөд эмийн даатгалын санхүүжилтэд нэлээд асуудал байсан тул 2021 оныхыг нэмж судлан, дүгнэлтээ 2022 онд танилцуулсан юм байна. Энэхүү шалгалтаар ЭМДС-гаас өртгийнх нь тодорхой хэсгийг хариуцаж, хэрэглэгчдэд хөнгөлөлттэй үнээр олгох заалттай эмийн жагсаалтад багтаагүй 111 нэр, төрлийн эмийг даатгалаас санхүүжүүлснийг илрүүлжээ. Хөнгөлөлттэй олгох заалтгүй эдгээр эмүүдийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн 2016 оны тавдугаар сарын 17-нд 18 дугаар тогтоол баталж, жагсаалт руу “шургуулсан” байгаа юм. Тодруулбал, 2016-2018 онд 12.5, 2019-2021 онд 4.5 тэрбум төгрөгийг эмчилгээний зааварт ороогүй, олон улсад ч үр дүн нь нотлогдоогүй “хүнсний нэмэлт бүтээгдэхүүн” гэх ангиллын эмүүдийн хөнгөлөлтөд олгож, үргүй зардал гаргасныг аудиторууд илрүүлээд байна. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.3, 14.9, 14.10 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн. Ингэснээр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтдаг нэн хэрэгцээт эмүүдийг зорилтот хэрэглэгчид нь авч чадаагүй, тэдний боломжийг хаан боогдуулж, тэр хэрээр эрүүл мэндийн байгууллагуудад хохирол учруулсан гэж үзэж буй.
Эрх мэдэлгүй аудиторууд
Бид ҮАГ-ын аудиторуудтай удаа дараа уулзаж, эмийн 17 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийн талаар тодруулсан. Тэгэхэд энэхүү хууль бус үйлдлүүд одоо болтол эзэн холбогдогчгүй байгаа бөгөөд хэн ч хариуцлага хүлээгээгүй гэдгийг олж мэдсэн юм. Мэдээллийг нягтлах үүднээс АТГ, ЦЕГ-ын ЭЦА болон УЕПГ-т албан бичгээр хандаж, хөнгөлөлттэй эмийн хууль бус үйлдлүүдийг өнгөрсөн хугацаанд шалгасан, шийдвэрлэсэн, эсэхийг тодруулахад энэ талаарх мэдээллийг архиваас нь шүүлгээд ч олдоогүй. Хуулийн байгууллагууд энэ талаар огт шалгаагүй гэдгээ албан бичгээр бидэнд уламжилсан. Өөрөөр хэлбэл, даатгалын 17 тэрбум төгрөгийн зарлагыг гэмт хэргийн шинжтэй, эсэхийг адиторууд баримтаар нотолж чадаагүй учраас хуулийн байгууллагуудад хандаагүй юм билээ л дээ. Эмийн сонсголын үеэр түр хороонд энэ “хэрэгт” хамаарах хэд хэдэн хүний нэр яригдсан аж. Гэвч хөнгөлөлттэй үнээр олгох эмийг шинжилж, жагсаалтад санал оруулах эрх бүхий Хүний эмийн салбар зөвлөлийнхний 2016-2021 оны ажлын хэсгийн хурлын зарим тэмдэглэл салбарын яамны архиваас устсан байсныг аудиторууд олж мэдэж. Тодруулбал, дээрх 111 төрлийн эмийг хэрхэн, яаж даатгалд “шургуулж”, 18 дугаар тогтоол хүртэл батлуулсан тэмдэглэлүүд нь олдоогүй гэсэн үг. Ашиг сонирхлын энэ мэт зөрчил орсныг нь, Хүний эмийн салбар зөвлөлийнхөн эмийн компаниудтай хамааралтай гэдгийг нь аудиторууд гадарлах ч тэд эрх мэдэлгүй. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг баталдаг, тамгалдаг үндэсний зөвлөлд нь холбогдох гурван ч яамны сайд, дарга нар ажилладаг учраас шүүхэд өгөхөд ч хүчин мөхөс гэдгээ аудитынхан нуулгүй хэлж байсан юм.
Гүйцэтгэл, нийцлийн албаны дарга Б.Батдэлгэр “Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг гурван жил тутамд шинэчлэн баталдаг. Манайхыг шалгалт хийх хугацаанд IX жагсаалт хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэхүү хөнгөлөлттэй үнээр олгодог эмтэй холбоотой цөөнгүй зөрчил илэрсэн. Тухайлбал, биологийн идэвхт бүтээгдэхүүн оруулж ирээд даатгалаас шууд хөнгөлөлт үзүүлсэн нь ч бий. Уг нь иргэдэд нэн шаардлагатай гэсэн эмийг нь л эрүүл мэндийн даатгалаар үнийн хөнгөлөлт үзүүлдэг журамтай. Тэгэхэд зүгээр л нэг нийлмэл найрлагатай аминдэм, эрдэс уугаад, хүний өвчин шууд илаарьшаад, амь нь аврагдахгүй шүү дээ. Бид энэ зөрчлийг 2022 онд ил болгоогүй бол асуудал өнөөдөр ч үргэлжилж байхыг үгүйсгэхгүй. Эмийн үнийн хөнгөлөлтийн санхүүжилт жил ирэх тусам өссөөр буй. 2022 онд гэхэд л жилд 40 орчим тэрбум төгрөгийг хөнгөлөлтөд олгодог байсан бол өдгөө 100 гаруй тэрбум болж өсжээ. Хөнгөлөлттэй эмийн тоо, санхүүжилтэд бус, чанарт нь анхаарах цаг болсон. Шалгалтаар илрүүлсэн зөрчлийн дагуу бид холбогдох газруудад зөвлөмж хүргүүлсэн ч хэрэгжилт нь хангалтгүй л байна. Ядаж л бидний шалгалтын ачаар эдгээр 111 төрлийн эмийг даатгалаас дахин хөнгөлөлт үзүүлэхийг бүрмөсөн зогсоосон. Нэгэнт өнгөрсөн асуудал. Харин цаашид ийм зөрчил битгий гаргаасай л гэж хүссэн, өөр яах билээ. Ер нь хууль, эрх зүйн тогтолцоог нь боловсронгуй болгохгүй л бол нөхцөл байдал дээрдэхгүй. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлэг өнгөрсөн хавар болсон доо. Батлагдаад, хүчин төгөлдөр мөрдөж эхэлсний дараа л эмийн асуудал системээрээ цэгцэрч эхлэх болов уу” гэсэн юм.
ДЭМБ-аас “урвасан” шийдвэр
Олон улсад үр дүн нь тодорхойгүй, чанарын баталгаагүй, эмчилгээ хийх заалтгүй дээрх 111 нэр, төрлийн эмийн жагсаалтыг хавсаргасан, аудитын эх тайланг манай сурвалжлах баг албан хүсэлтийн дагуу олж авсан билээ. Эл жагсаалтад үнэхээр аминдэм голдуу орж уу? Олон улсад өргөн ашигладаггүй гэх эдгээр эмийг Б.Батдэлгэр аудиторын хэлснээр даатгалаар хөнгөлөлттэй олгохоо больсон уу гэх зэргийг нягтлахаар хөндлөнгийн эм шинжээчтэй хамтарч ажилласан болно. Жагсаалтад бичигдсэн эмийн нэр, төрлийг нэгбүрчлэн шүүж, анализ хийхэд 38 нь нийлмэл найрлагатай буюу хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд хамаарах аминдэм байв. Эдгээр эмийг зайлшгүй шаардлагатай уух эмийн хөнгөлөлтийн жагсаалтад оруулдаггүй шалтгаан нь энгийн л эрдсүүд учраас тэр. Та, бид өөрсдөдөө, хүүхдэдээ аль нэг эмийн сангаас жоргүй авчихдаг аминдэмүүдэд даатгалаас хөнгөлөлт үзүүлсэн гэсэн үг.
Улсын хэмжээнд эдүгээ хүчин төгөлдөр мөрдөж буй хөнгөлөлттэй эмийн X жагсаалтыг ч бид “шүүж” үзсэн. Тэгтэл эмчилгээний зааварт ороогүй, чанаргүй гэсэн аудитын дүгнэлт бүхий дээрх 111 төрлийн эмээс тархи, зүрх, судас, цусны даралтын зэрэг 18 нэрийн эмийг X жагсаалтад “шургуулчихсан” байв. Өөрөөр хэлбэл, өмнө нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтаагүй мөртлөө санхүүжилт авсан гэж “гадуурхагдсан” эмүүдийг энэ удаад хууль ёсны жагсаалтад хамруулж, хулгайгаа “албан ёсоор” хийж эхэлснийг X жагсаалт баталж байна. Тухайлбал, “Интерферон альфа-2b” нэртэй лаа, виферон гэх ганцхан эмд даатгалаас 2016-2018 онд дөрвөн тэрбум 570.9 сая төгрөгийн үнийн хөнгөлөлт үзүүлснийг аудитын тайланд онцлон анхааруулсан байв. Энэ нь тухайн жилүүдэд эмийн хөнгөлөлтөд олгосон нийт санхүүжилтийн 4-7 хувийг дангаараа эзэлсэн дүн аж. Хамгийн харамсалтай нь, эл эмийн эмчилгээний үр дүн нь одоо болтол олон улсын “UpToDate” программд ороогүй. Бүртгэгдсэн эмнэл зүйн судалгааны дүгнэлт ч байхгүйн дээр тухайн эмийг үйлдвэрлэгч орон болох ОХУ-д мөрддөг эмчилгээний стандартуудыг ядаж хангаагүй эм байх. Гэтэл энэхүү эмийг одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хөнгөлөлттэй эмийн X жагсаалтад хээвнэг оруулчхаж болох уу.
Түүнчлэн тархины үйл ажиллагаа сэргээх үйлчилгээтэй, бас л үйлчилгээ нь нотлогдоогүй цитиколин (брэйнакт, цераксон) эмд 2016-2021 онд нийт 9.3 тэрбум төгрөгийг жагсаалтгүйгээр олгосон нь ил болсон. Тэгвэл цитиколиныг мөн л X жагсаалтад албан ёсоор оруулжээ. Тус эмийг “UpToDate”-д тархинд цус харвах болон тархины ямар ч үйл ажиллагааг сэргээх эмчилгээний зааварт ороогүй, зарим талаар сайн нөлөө үзүүлж болох ч үр дүнгийн нотолгоо нь хангалтгүй учраас судалгааны шатных гэж дүгнэсэн байна. Улмаар ДЭМБ-ын Зайлшгүй шаардлагатай эмийн жишиг жагсаалтад багтаагаагүй аж.
Эм ханган нийлүүлэгчид “ичиг ичиг”
ЭМДС-гаас үнийн хөнгөлөлт авах нэрийдлээр санхүүждэг “нөхдийг” 18 дугаар тогтоол мэтхэнээр хаацайлж, хамгаалдаг хууль, эрх зүйн ядмаг орчинтойг дээрх баримтууд гэрчилж буй. Дээр дурдсан 2-3-хан эм даатгалын тухайн онуудын санхүүжилтийн дийлэнх хувийг эзэлжээ. Үүнээс гадна дархлаа дэмжихэд хэрэглэдэг аминдэмүүд, түүний дотор С витаминыг хүртэл нийлүүлэгчдэд хөнгөлөлтийн хувь үзүүлсэн аж. Түүнчлэн натурвит, дуовит, төмрийн бэлдэл, кальци, магни, цайр гэхчлэн онцгойлон үзэх шаардлагагүй аминдэм ч зонхилж байна.
Бидэнтэй хамтран ажилласан эм шинжээчийн ажигласнаар, дээрх 111 нэр, төрлийн чанарын шаардлага хангаагүй эм, аминдэмийг "Монос", "Азифарм", "Монгол эм импекс концерн", ЭНТО зэрэг томоохон аж ахуйн нэгж, "Саба", "Чинбаян", "Омбол" гэх мэт жижиг эм ханган нийлүүлэх байгууллагынхан оруулж ирдэг аж. Эдгээр нийлүүлэгчид "эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй" байх зарчим баримталдгийг эм зүйн салбарт 20 орчим жил ажиллаж буй шинжээч бидэнд хэлсэн юм. Тэрбээр "Зайлшгүй шаардлагатай эмийн хөнгөлөлтийн жагсаалтад багтаагүй эмийг эмийн сангууд дур мэдэн олгох боломжгүй. Өрхийн эмчийн кодыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системд оруулснаар тухайн хүнд хөнгөлөлт үзүүлэх эрх нь эмийн сангуудад нээгддэг юм. Зөвшөөрөөгүй эмийг олгох хэд хэдэн луйвар салбарт байдаг гэж дуулсан. Нэг бол эм ханган нийлүүлэх байгууллагууд, өрхийн эмнэлгийнхэн, эмийн сан гурвын харилцан хулгай байж болно. Жишээ нь, ийм эмийг даатгалаас хөнгөлөлттэй олгож байгаа шүү гэдгийг иргэдэд худал сурталчилж, код бичиж өгөх бөгөөд түүнийг олгож буй эмийн санг зааж өгөх байдлаар "үгсэж" ажилладаг. Нөгөө нэг "арга" нь эм ханган нийлүүлэх байгууллагуудын гэрээт программистууд даатгалын программд тухайн эмийг шууд шивж оруулах байдлаар хөнгөлөлт эдлэх "эрх үүсгэх" тохиолдол мэр сэр гардаг тухай салбарынхан ярьдаг. Бас иргэдэд хөнгөлөлт үзүүлээгүй хэрнээ хуурамчаар бичиг баримт үйлдэж, даатгалаас нөхөн төлбөр ч авсан байхыг ч үгүйсгэхгүй. Бусдаар эмийн сангууд шууд даатгалын луйвар хийх боломжгүй. Даатгалаас бүртгэлгүйгээр санхүүжилт авсан эм, эмийн бүтээгдэхүүнүүдийг харвал дийлэнхийг нь Словени, Индонез, Нидерланд, Тайланд, Вьетнам, Энэтхэгээс оруулж ирсэн байна. Дандаа жижиг орны эм гэсэн үг. Эдгээр нь дэлхийд эм, эмийн бүтээгдэхүүн импортлогч тэргүүлэгч орон биш. Учир нь чанар муутай тул олон улсад борлуулалт муутай байдаг. Цаашлаад дамын наймаачдын бүртгэлгүйгээр оруулж ирсэн эмүүдийг хүртэл даатгалд хамруулсан жишээ байдаг юм билээ" гэсэн юм.
ЭЭХХЗГ: Жагсаалтад багтаагүй эмд хөнгөлөлт үзүүлэх боломжгүй
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3.1.14-т "Хүн болон мал, амьтанд үзүүлэх эмнэлгийн тусламжид эн тэргүүнд хэрэглэхээр эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан эм, эмнэлгийн хэрэгслийн нэрсийг Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт” гэж тодорхойлжээ. Эл жагсаалтыг ЭМЯ, түүний дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл, эрүүл мэндийн байгууллага болон Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн төлөөлөл оролцсон ажлын хэсгийн гишүүд, мэргэжилтнүүд, мөн олон нийтээс авсан саналд үндэслэн боловсруулах хуультай. Үүнийгээ эмийн зөвлөлд өргөн барьдаг ба Хүний эмийн зөвлөл, түүний дээд байгууллага болох одоогийнхоор Эрүүл мэнд, хуучнаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь хянан, баталдаг. Ингэхдээ Эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага, Эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтэд тавих ерөнхий шаардлага, Биобэлдмэлийн үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага, Уламжлалт эмийн үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага, Эмийн жорын маягт, жор бичилтийн стандартын шаардлагыг хангасан, эсэхийг баримталдаг аж. Ерөнхийд нь эмнэлэг, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангууд эмийн чанар, аюулгүй байдлыг хангах хүрээнд холбогдох 150 гаруй хууль, стандарт, журмыг мөрдөж ажилладаг байна.
Манай улс хүний эмийн жагсаалтыг батлахдаа эдгээр стандарт, шаардлагыг мөрддөг, эсэхийг, ямар дүрэм, журам баримталж буйг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-аас тодруулсан юм. Тэд “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын 7.1 дэх зүйл, одоогоор хүчин төгөлдөр мөрдөж буй Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.5 дахь заалтын дагуу Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг гурван жил тутамд шинэчилж ирсэн. Үүний хүрээнд зайлшгүй шаардлагатай эмийн X, хүүхдийн III жагсаалтыг 2022 онд Эрүүл мэндийн сайдын А/197 дугаар тушаалаар баталсан. Жагсаалтыг боловсруулахдаа санал авах тухай мэдээллийг ЭЭХХЗГ-ын цахим хуудсанд болон албан бичгээр бүх шатны эрүүл мэндийн байгууллага, ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүд, төрийн бус байгууллагуудад хүргүүлдэг. Тэдний саналыг хүлээн авч, ДЭМБ-ын жишиг жагсаалттай харьцуулан боловсруулж ирсэн. Энэхүү жагсаалтад багтаагүй эмд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт үзүүлэх боломжгүй. X жагсаалтыг батлахдаа ДЭМБ-ын жишгийн дагуу найман шалгуурыг мөрдсөн” гэв.
Ашиг сонирхол "ханхалсан" 18 дугаар тогтоол
Хууль ёсны жагсаалтад багтаагүй эмүүдийг хөнгөлөлтөд хамруулж, ЭМДС-гаас санхүүжилт авах нөхцөлийг бүрдүүлсэн "гол буруутан" нь 18 дугаар тогтоол гэдгийг дээр дурдсан. Энэхүү тогтоолыг 2016 оны тавдугаар сарын 17-нд баталж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд (хуучнаар), Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Эрдэнэ (тухайн үеийн) гарын үсэг зурсан юм байна. Тогтоолын зарим заалтыг сийрүүлбэл, “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны гуравдугаар сарын 25-ны 08 тоот тогтоолоор баталсан Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтад нэмэлтээр орох дан найрлагатай эмийн ерөнхий нэршлийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг нэгдүгээр хавсралтаар, нийлмэл найрлагатай эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар хөнгөлөх хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай” гэжээ. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тухайн оны гуравдугаар сарын 25-ны 08 тоот тогтоолоор баталсан нийлмэл найрлагатай эмийн жагсаалтыг хүчингүй болгосугай” хэмээсэн байв. Өөрөөр хэлбэл, нийлмэл найрлагатай аминдэмүүд, бусад хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг даатгалаар хөнгөлөх эрх зүйн орчин байхгүй атал үүнийг ганц тогтоолоор "нам дарсан" аж.
Товчхондоо, мөнөөх хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг эцсийн шатанд хянан, баталдаг, ЭМДС-гийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж, хяналт тавьж, бодлогоор зохицуулах үүрэгтэй Үндэсний зөвлөлийнхөн ийнхүү нийт даатгуулагчийг хохироосон, сангийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, шаардлагатай эм авахаар очсон хүмүүсийн санхүүжилтээс хумсалсныг эдгээр баримт "хэлж" буй биз. Аудиторууд энэхүү зөрчилд нь сануулга, зөвлөмж өгсөн ч хууль, хяналтын байгууллагуудын "чихэнд" хүргээгүй, хамгийн чухалд тооцогдох даатгалын хөрөнгийн хохирлыг барагдуулах талаар ямар нэгэн дорвитой алхам хийсэнгүй. Гэтэл энэ бүхний цаана иргэдийн "өвдсөн үедээ эрүүл мэнддээ зориулна даа" гэж итгэн хадгалуулдаг даатгалын мөнгө нь хууль бусаар зарцуулагдаж, ЭМДС нь ч эцэстээ алдагдалтай ажилласаар, өнөө, маргаашгүй дампуурахдаа тулчхаад буй.
18 дугаар тогтоолыг яаран батлахдаа албаныхан “Хүний эмийн зөвлөлийн хуралдааныг журамд заасан хугацаанд зохион байгуулаагүй, нэг удаагийн хурлаар богино хугацаанд олон эм бүртгэсэн. Бүртгэлийн хугацааг мөн бөөнд нь сунгасан. Ингэхдээ эм тус бүрийн эмнэл зүйн өмнөх судалгаа, туршилтын дүн болон гаж нөлөөг хэлэлцэлгүй, хэрэглээнд нэвтрүүлсэн” зэрэг нь хяналт шалгалтаар илэрсэн байдаг.
Сайд, дарга нарт зөвлөмж, сануулга үйлчилдэггүй
Аудитын шалгалтын дүнг үндэслэн, холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн тухай өмнө нь дурдсан билээ. Тэдгээр зөвлөмжийг уг нь Ерөнхий сайд, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Сангийн сайд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус хаяглажээ. Зарим зүйлийг тодруулбал, Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт хангагдаагүй, хэрэгжилтийг дүгнэж, үр нөлөөг үнэлэх боломжгүй байгааг, ЭМДС-гаас үнийн хөнгөлөлт үзүүлэх чиглэл, хөнгөлөх хэмжээг оновчтой тодорхойлж, хөндлөнгийн хяналт бүхий даатгалын тогтолцоог бүрдүүлэх, Эм, эмнэлгийн хэрэгсэл, уламжлалт эмийн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, тогтвортой, үр дүнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна. Мөн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг боловсруулж, батлахад хөндлөнгийн хараат бус мэргэжлийн байгууллагыг оролцуулах, санал, дүгнэлтийг нь чухалчилдаг болох, эмийн бүртгэл, үйлдвэрлэлийн чанарын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, зарим эмд био эквивалент судалгааг хийж эхлүүлэхийг санал болгосон аж.
Улсын бүртгэлийн болон Гаалийн, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагын ажлын уялдааг сайжруулж, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх санал, зөвлөмж ч хүргүүлсэн байна лээ. Эдгээрээс хамгийн чухал нь эмийн бүртгэл, хяналтын нэгдсэн программ хангамжийг сайжруулж, данс бүртгэлд тусгах саналыг салбарын сайд, Үндэсний зөвлөлд өгчээ. Эмийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг ч гааль, татварын байгууллагын мэдээллийн сантай холбох зэрэг авууштай санал байсан. Даанч эдгээр зөвлөмжийн мөрөөр дорвитой арга хэмжээ авалгүй хоёр жил болчихлоо, төсөв завшсан асуудлын талаар бүр ч таг чиг.
Даатгалын үндэсний зөвлөлд хэн хэн багтаж байв
Манай сурвалжлах баг ЭМЯ, ЭЭХХЗГ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Үндэсний зөвлөлийн зарим мэргэжилтэн, Түр хорооны гишүүдээс дээрх асуудлаар цөөнгүй зүйл тодруулсан. Гэсэн ч ихэнхдээ бие бие рүүгээ асуудлыг түлхэж, “Манайд хамаагүй, тэнд оч, энд ир” гэдэг танил технологитой хэвээр. Ингэж явахдаа 2023 онд салбарын яамнаас томилсон ажлын хэсэг Эмийн бүрдэлт, чанар, зохистой хэрэглээ, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн тайлан “олсон”. Сөхвөл эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн удирдлагууд “Хүний эмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд эмийн бөөний худалдаа эрхэлдэг зарим аж ахуйн нэгжийн хамаарал бүхий хүмүүс байдаг. Тухайн аж ахуйн нэгжид ашигтай шийдвэр гаргахад нөлөөлдөг. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь цөөн тооны эм ханган нийлүүлэх байгууллагын импортолсон эмийг даатгалын хөнгөлөлтөд оруулдаг. Мөн эм ханган нийлүүлэх байгууллагууд эрүүл мэндийн ажилтнуудтай гэрээ хийж, тухайн эмийг бичсэн дүнгээр урамшуулал өгдөг. Энэ нь иргэдэд эмийг хямд үнээр нийлүүлэх боломжийг хязгаарлаж байна” гэсэн тайлбар, мэдээлэл өгсөн байв.
Цаашилбал, ЭЭХХЗГ-ын дотоод хяналтын албанаас өнгөрсөн онд хийсэн хяналт шалгалтаар Хүний эмийн зөвлөл болон тус зөвлөлийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг ил гаргаагүй зөрчил илэрсэн. Энэ нь Хүний эмийн зөвлөлийн ажиллах журмын 1.5 дахь хэсэгт “Эмийн зөвлөлийн дарга, гишүүд нь ёс зүйн хэм хэмжээг баримтлах үүднээс ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг гаргана” гэж заасныг зөрчсөн үйлдэл гэнэ. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.1. дэх хэсэгт “... албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана” гэж заасан байдаг аж. Тэгвэл 2016 онд 18 дугаар тогтоол баталж, гаргасан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд, бас дарга, сайд нар нь хууль, журмын эдгээр заалтыг мөрдөх нь бүү хэл, зарчимд харшилсан үйлдлүүдийг ил цагаан гүйцэлдүүлжээ.
Тухайн үеийн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс байсан юм бол. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2012 онд УИХ-аас томилжээ. Дарга нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, гишүүд нь Сангийн сайд Б.Болор, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар байсан аж. Нэмээд Чөлөөт үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Дулмаа, Татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Отгонбаатар, Ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар, Албан бус эдийн засгийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрийнтуяа, “Кассандра Монголиа” ХХК-ийн захирал Ж.Батбаяр нарын нэр 2017 он хүртэл салбарын цахим сайтад нь “Үндэсний зөвлөлийн гишүүд” гээд нийтлэгдсэн байсныг өдөр тутмын сонины архиваас ч үзэх боломжтой.
Алдаа завхралыг засах боломж бий юү
Тэгвэл системийн энэхүү алдаа завхралыг засах, хохирлыг арилгуулах хууль, эрх зүйн орчин, боломж нөөц манайд бий юү? Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 17.3.2.3-т заасан “Холбогдох стандарт, удирдамжийг зөрчиж, даатгуулагчийн эрүүл мэндэд хохирол учруулах, хууль бус төлбөртэй эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлэх зэргээр зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх” гэсэн зүйл нь Үндэсний зөвлөлд үйлчлэх үү? Тэд 18 дугаар тогтоолыг гаргахдаа эмийн стандартууд, тавигдах шаардлагыг зөрчсөн үү.
Тэгвэл ямар хариуцлага тооцож, хохирлыг хэрхэн арилгах тухайд ямар зохицуулалт байна вэ? Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 17.3.5.3-т “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийг зөрчсөн даатгалын харилцаанд оролцогч байгууллага, албан тушаалтан, даатгуулагч, иргэнд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэж, зөрчлийг давтан гаргасан этгээдийн үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх”, 24.2.4-т “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд төрийн болон хөндлөнгийн аудитын байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина”, 24.2.5-д “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд иргэн, хуулийн этгээд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлж болно” гэсэн заалт байна.
Хяналт тавих, хуулийн байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргах боломж, эрх зүйн орчин манайд энэ мэт бишгүй ч эсрэгээрээ учирсан хохирлыг арилгуулах тухай зохицуулалт тодорхой байдаггүй аж. Тодруулбал, дээрх даатгалын хуульд “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, мөн “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалт байгаа ч манайд үйлчилдэггүй гэнэ.
Тэгвэл Төрийн аудитын тухай хуульд ямар зохицуулалт байгааг харцгаая. Тус хуулийн 20.5-д “Шалгагдагч этгээд болон холбогдох бусад албан тушаалтан нь энэ хуулийн 20.2-т заасан зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг аудитын тайланг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төрийн аудитын байгууллагад ирүүлнэ” гэсэн заалтыг ямарч байсан 2023 онд нэмж оруулжээ. Түүнчлэн 21.1-т “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө”, 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэжээ.
Аудитын албан шаардлагыг биелүүлээгүй, төлбөрийн актыг хугацаанд нь барагдуулаагүй бол хариуцлага тооцох заалт бас байдаг. Тэгэхээр аудитын байгууллага УИХ-д ажлаа тайлагнадаг, салбарын хууль өөрсдөд нь бараг үйлчилдэггүй учраас эрх мэдэлтнүүдийн асуудалд “уужуу" хандаж иржээ.
Салбарын иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, “Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт” төрийн бус байгууллагын тэргүүн, хуульч, судлаач Р.Эрдэнэбат “Өнгөрсөн 30 жилд хүн өмчтэй байх ёстой гэсэн ойлголтоос болж албан тушаалтнууд өөртөө давуу байдал үүсгэж ирсэн. Ингэж хэлэхийн учир нь аль нэг агентлаг, зөвлөлийн дарга хууль зөрчин тушаал, шийдвэр гаргадаг ч буцаад ямар ч хариуцлага тооцдоггүй өнгөрдөг нь хэвшил болчихсон. ЭМДС зэргээр дамжуулж, улс төрчид төсвөөс завшихын төлөө л ажилладаг гэхэд хилсдэхгүй. Жил бүр хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг нэмсээр. Би хувьдаа үүнийг сангаар дамжуулан хөнгөлөлттэй эм нэрийн доор мөнгө угааж байна л гэж харддаг. Тиймээс энэ байдлыг цэгцлэх нэг гарц нь эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, хуулийг иргэдэд үйлчилдэг болгох явдал. Манайх Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль зөрчсөн тогтоол, шийдвэрүүдийн талаар Захиргааны хэргийн шүүхэд хэд хэдэн удаа хандсан. Амжилт олоогүй” гэсэн юм.
ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА: “ДАРХЛАА” БАГ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.