Улаанбаатар хотын удирдлагууд авто замын түгжрэлийг бууруулах, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр “Google” компанитай хамтарч ажиллахаар бэлтгэл хангаж байна. Тухайлбал, өнөөдөр Улаанбаатар хотын авто замын уулзварын гэрлэн дохиог хиймэл оюун ухаанд суурилсан нэгдсэн удирдлагаар зохицуулах технологийг нэвтрүүлэх “Green light” буюу “Ногоон гэрэл” төслийн талаар “Google” компанитай хэлэлцэж тохиролцлоо. Уг төсөл одоогийн байдлаар дэлхийн 10 том хотод хэрэгжиж буй. “Google” компанитай хамтран ажиллах талаар нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуулаас тодрууллаа.
Тэрбээр “Нийслэл хотын зүгээс Google компанитай хамтран ажиллахаар хэлэлцэж, дата мэдээллүүдийг солилцож байна. Бид дараах гурван чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. Нэгдүгээрт, Google education буюу боловсролд анхаарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт, Google startup буюу гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрөөр 25 мянгаас 350 мянган ам.доллар хүртэл дэмжлэгийг Google компаниас олгож болохоор байна. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын ямар нэг санал авсан байх шаардлагыг гарааны бизнесүүдэд тавьж байна. Гуравдугаарт, нийслэлтэй хамтарч хотын замын хөдөлгөөнийг гэрлэн дохиотой уялдуулж өгөх “Green light” буюу “Ногоон гэрэл” гэж нэрлэгддэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Өнөөдөр “Google” компанитай гэрээний төслүүдээ хэлэлцэж, тохиролцлоо. Ирэх долоо хоногт гэрээнд гарын үсэг зурснаар ажил албан ёсоор эхэлнэ. Улаанбаатар хот төслийг хэрэгжүүлэх 11 дэх хот юм. Аравдугаар сарын 15-нд хотын замын хөдөлгөөний уулзварууд бүрэн камержина. Одоогоор 80 камер байгааг 2600 болгоно. АНУ-аас камернуудыг удирдах удирдлагын системийг оруулж ирж байна. Ингэснээр замын хөдөлгөөний бодит бөгөөд нарийвчилсан дататай болно. “Google” компаниас хиймэл оюун ухаанд суурилсан дата дээр ажилласнаар хотын замын хөдөлгөөн, гэрлэн дохиог яавал илүү үр дүнтэй байх вэ гэдэгт тохируулга хийх систем бий болгох юм. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хүн механик аргаар гэрлэн дохиог удирдах бус хиймэл оюун ухаанд суурилсан автоматаар хамгийн зөв байж болохуйц гэрлэн дохионы тохируулгууд хийгдэнэ. “Google Maps” манай хотын газрын зургууд дээр ажиллаж, замын хөдөлгөөний ачааллуудыг бодит цаг хугацаагаар хэмжиж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээлснээр бодлогын өөрчлөлт гаргаж ажилладаг болно. Ийнхүү замын хөдөлгөөний цогц дататай болсноор зогсоолуудыг хаана илүү нэмбэл тохиромжтойг гаргаж ирнэ. Шинэ замууд болон зам засварын ажлуудыг уялдуулах боломжтой болно” гэдгийг хэллээ.
"Google Maps" компанийн Ази, Номхон Далайн бүсийг хариуцсан захирал Самуэл Жесси “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хоттой хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна. Эхний ээлжинд “Green light” буюу “Ногоон гэрэл” төслийг хэрэгжүүлэхээр хэлэлцлээ. Төслийг хэрэгжүүлснээр хиймэл оюун ухааныг ашиглан Улаанбаатар хотын гэрлэн дохионуудыг сайжруулж, цаашлаад замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг уялдаа бүхий асуудлуудыг шийдвэрлэхэд нөлөөлөх юм. Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаанаас замын түгжрэл, агаарын бохирдол гэсэн тулгамдсан асуудлуудаа шийдэх бодлогын түвшний ажлууд хийж байгаатай уялдуулан “Google” компанийн зүгээс олон улсын түвшинд нөхцөл байдлыг богино хугацаанд үр дүнтэйгээр сайжруулахыг хүсэж байна” гэдгээ илэрхийлэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.