Зүүн аймгуудад үхрийн арьс томруутах халдварт өвчин гарчээ. Иймээс уг өвчнөөс сэргийлэхийн тулд үхэрт вакцин тарихаар боллоо. Улаанбаатарт халдвар гарах эрсдэлтэй учраас вакцины захиалга хийжээ. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа дүүргийн удирдлагууд болон НОБГ, НМХГ-аас үүнд онцгойлон анхаарахыг хүссэн байна. Улаанбаатар хотын хэмжээнд 92 мянган үхэр тоологдсон талаарх мэдээллийг албаны хүмүүс хэллээ.
Энэ малын гоц халдварт өвчний тохиолдол өмнө нь Монголд бүртгэгдэж байгаагүй гэдгээрээ онцлог. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр ОХУ, Хятад улсад бүртгэгдсэн байна. Тус өвчин нь хил дамнан халдварладаг, малын гоц халдварт, олон улсын худалдааны хөл хориотой өвчин юм.