“Трио” уран сайхны кино А зэрэглэлийн олон улсын наадамд оролцох, урилга хүлээн авчээ. Монгол уран бүтээлчдийн хийсэн уг кино 2022 оны аравдугаар сард болох 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадамд оролцох болсон талаар уран бүтээлчид ярилаа.
Уг киноны найруулагчаар ажилласан жүжигчин Д.Баттөмөр хэлэхдээ "Сүүлийн үед дэлхийн кино урлаг ихээхэн өөрчлөгдөж байна. Дэлхий нийтээрээ дауны хам шинжтэй хүмүүсийг ойлгодог болж. Уран бүтээлдээ ч гэсэн энэ талаар тусгадаг боллоо. Энэхүү киног бид ашиг олох зорилгоор хийгээгүй. Зөвхөн олон улсын фествальд зориулж бүтээсэн. Киноны зураг авалтыг монгол орныхоо үзэсгэлэнт газруудад хийсэн нь их учиртай. Эх орныхоо байгалийн үзэсгэлэнг олон улсад харуулах, өв соёлоо сурталчилж жуулчдыг татах зорилготой. Кино зураг авалтад л гэхэд хоёр жилийн хугацаа зарцуулсан" хэмээв.
Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвүүдийг энэ кинонд хөндсөн. Энэхүү олон улсын кино наадам уран бүтээлийг Оскарын шагнал авахаас өмнө олон нийтэд танилцуулж, кино найруулагчийг нь Каннд шалгарахаас өмнө дэлхийд өргөмжлөх зорилготой аж.