Нийслэлийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр ундны усны хүртээмжтэй хэрэглээ олон нийтийн анхаарлыг татаж буй. Энэ талаар Усны газрын дарга Ш.Мягмартай ярилцлаа.
-Дэлхийд усны хомсдолд нэрвэгдэх 20 орны тоонд манай улс багтдаг. Энэ аюул тун ойрхон хаяанд ирсэн гэх юм?
-Яахав. Сүүлийн 40 гаруй жилийн турш судалсан эрдэмтэн судлаачдын судалгаанд түшиглэн манай орны усны нөөцийг гаргасан байдаг. Нийтдээ 564,8 км.куб усны нөөц байна. Үүнээс гол горхи 36,4 км.куб, мөнх цаст мөсөн гол 19,4 м,куб, нуур тойром 500 км.куб эзэлдэг. Ийм л онцлогтой. Одоо байгаа нөөцийг ус ашиглалтын байдалтай нь харьцуулахад жилдээ манайх 570-594 сая м.куб ус ашиглаж байгаа. Тэгэхээр нийт боломж нөөцийнхөө нэг хувийг л ашиглаж байна гэсэн үг.
-Тэгэхээр санаа зовних хэрэггүй байх нь ээ?
-Манай орны онцлог бий л дээ. Өргөн уудам нутагтай, жилийн дөрвөн улиралтай. Усны нөөцийн тархалт нь жигд бус. Усны нөөцийн 70 гаруй хувь нь нутгийн хойд хэсэгт буюу Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөл, Хянган нуруу зэрэг өндөр уулын бүсэд бүрэлдэн бий болдог. Өвөлдөө том гол горхи нь хөлдчихдөг. Нийт усны нөөцийн 60 гаруй хувь нь хоёр хөрш рүү урсан гардаг. Жишээ нь, олон жилийн дунджаар үзэхэд Сэлэнгэ мөрнөөр нэг секундэд 335 м,куб ус ОХУ-руу урсдаг. Яг одоогийн байдлаар тулгамдаж байгаа хоёр газар байна. Нэг нь,Улаанбаатар, нөгөөх нь Өмнийн говь бүс нутаг. Бусад хот суурин газрын хувьд ямар нэгэн байдлаар усны хомсдолд нэрвэгдэх зүйл байхгүй. Мэдээж, хүн ам өсөөд, үйлдвэр аж ахуйн нэгж нэмэгдвэл эрэлт хэрэгцээ бий болно. Улаанбаатар хотын ус хангамжийн одоогийн батлагдсан нөөц,хэрэглээ 2030 оны орчимд эрэлт болон нөөц тэнцэхээр байгаа. Энэ асуудлыг АНУ-ын Мянганы сорилтын сангийн компакт гэрээний хүрээнд шийдэж байгаа. Тэгэхээр Улаанбаатарт 2100 он хүртэл хямрах хэрэггүй гэж хэлмээр байна.
-Ундны усны асуудалтай тулгарч болзошгүй хотын нэг Улаанбаатар гэж дурдлаа. Тэгвэл ундны усны эх үүсвэр болсон Туул голыг шижимээрээ тэжээдэг гүний усаа замбараагүй ашиглаад байж болох уу. Наад зах нь ,гүнийг худаг их гаргаж байна?
-Ер нь, Монгол Улсын гадаргын усны нөөц нийт усны нөөцний 98 хувийг эзэлж байна. Газрын доорх ус хоёр хувь орчим. Гэтэл айл өрх , аж ахуй нэгж худаг олноор гаргаж байна гэж шүүмжилдэг. Өнөөгийн байдлаар 10 мянга гаруй худаг гаргасан байна. Нийслэлийн Байгаль орчны газар зөвшөөрлийг нь олгодог. Тэгэхдээ Туул голын сав газрын усны менежментийн төлөвлөгөө, тухайн газрын усны нөөц, урсац, горимд чанарт нь тааруулан өгч байгаа. Худгийн зөвшөөрийг олгохдоо судалгаа, нөөцийг нь судалж өгдөг. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуульдаа монгол хүн амьд явах эрхтэй гэж заасан. Амьд явахын тулд тэр хүн ус уух хэрэгтэй, ариун цэврээ сахина, эрүүл мэндээ бодох эрхтэй. Тиймээс иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь бүрдүүлэхийн төлөө усаар хангах бодлого бий. Алсдаа Туул гол дээр томоохон боомт барьж, Улаанбаатар хотыг аюулгүй найдвартай усаар хангах төсөл хэрэгжүүлэх суурь судалгаа хийгдсэн. Одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын улмаас хүлээгдэж байгаа.
- Усны нөөцийн төлбөрийг нэмэх үү. Тариф, төлбөрийн ялгааг тайлбарлаж өгөөч?
- Иргэд маань нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Усны нөөцийн төлбөр, тариф гэдэг хоёр өөр. Нэг нь, байгалийн нөөц ашигласны төлбөр. Асуудал нь БОАЖЯ-нд хамаарна. Манай усны газар байгалийн нөөц баялгийг яаж зүй зохистой ашиглах талаар анхаарч ажиллаж, уул уурхай, эрчим хүчний байгууллагаас зохих төлбөр авдаг. Хоёр л юмыг чөлөөлдөг. Нэг нь, хүн амыг усны нөөцийн төлбөрөөс чөлөөлдөг. Нөгөөх нь , мал аж ахуй, газар тариаланг чөлөөлдөг. Тэгвэл иргэдийн яриад байгаа байрны төлбөр дээр нэмэгдсэн усны мөнгө бол үйлчилгээний хөлс. Хот суурины ус хангаж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл гэж байгаа. Энэ нь, тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотойгоор нэмдэг үйлчилгээний хөлс. Энэ үйлчилгээг сааталгүй хүргэхийн тулд өчнөөн мянган хүн ажиллаж байна, цахилгаан зарцуулна, шугам сүлжээг нь засч байгаа үйлчилгээний хөлс. Усны нөөцийнх биш. Монгол хүн усны нөөцийн төлбөр төлөхгүй.
-Ер нь, усны нөөцийн төлбөрийг нэмэх төлөв бий юу?
-Одоогоор нэмэхгүй. Говь хээрийн тал хээрийн бүсэд байгаа үйлдвэр, уурхайн усны нөөцийг нэмэгдүүлэх судалгаа хийж байгаа.
-Усаа хэмнэх нэг арга нь саарал усаа ашиглах. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Хэмнэх талаар олон бодлого барьж байгаа. Нэг нь, ямар нэгэн аж ахуйн нэгж, байгууллага бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан усаа эргүүлэн ашиглавал төлбөрөөс чөлөөлж байгаа. Ерөнхийдөө, уул уурхайн компаниуд ашигласан усныхаа 70-76 хувийг нь эргүүлэн ашигладаг. Тэр хэмжээгээр төлбөрөөс нь чөлөөлдөг. Хотод байгаа ноос ноолуурын үйлдвэрүүд ч ялгаагүй, цэврээр авч байгаа усныхаа төлбөрийг төлдөг гэсэн үг. Тиймээс үйлдвэрүүд ч эдийн засгийн үр өгөөжөө ч бодолцон ашигласан усаа эргүлэн ашиглах талаар судалгаатай, тооцоотой өөр болсон.
- Тэрбум модны хөтөлбөрт танайхаас голын ай саваа хамгаалах, гүний усаа хамгаалах үүднээс санал өгч байгаа юу. Хөтөлбөрт танай газар ямар оролцоотой байгаа вэ?
-Одоогоор стратеги төлөвлөгөө гаргаж байгаа. Хаана ямар мод, хэдийг тарих уу гэсэн төлөвлөөгөө гарч байгаа. Нэгд, хуучин байгаа ойгоо өргөжүүлэх, хоёрт, хот суурин бүсийг ногоон болгох, гуравт, төмөр зам, авто зам, газар тариалан гэх мэт зурвас маягаар тарина гэж байгаа. Эдгээр газарт хаана тарихаас хамаараад бид усны эх үүсвэрийг нь шийдэж өгнө. Мэдээж, нэг талаас хүлэмжийн ялгарлыг бууруулна, салхины хүчийг зөөлрүүлнэ, экологийн тэнцэлийг хадгалахад нэмэртэй. Ийм учраас хаана тарихаас нь хамаараад газрын доорх усаар хангах уу, гадаргынхаар хангах уу хэдийд ямар нормоор услах уу гэдгийг шийдэж өгнө.
-Ирээдүйд гарч болзошгүй эрсдэлээс сэргийлж улс орнууд усан сан барьдаг. Манай улсын хувьд усны нөөцөө яаж бүрдүүлэх вэ?
-Усны нөөцийг бүрдүүлэх” Хөх мөр” төсөл гэж судалгаа хийсэн байгаа. Монгол орны 12 том гол дээр 33 байршилд усны нөөцийг хуримтлуулах олон зорилго агуулсан усан сан баръя гэж хийж байгаа. Хамгийн эхнийх нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Ховд гол дээр боомтоо бариад усныхаа нөөцийг нэмэгдүүлнэ, усаараа эрчим хүч гаргаж авна, доод талд нь услалтын системээ ашиглана гээд. Энэ жил Байдрагийн гол дээр ТЭЗҮ хийж байна. Угалз голын урсацыг нэмэгдүүлэх усан сан байгуулахаар төлөвлөж байгаа. Одоо Хэрлэн, Орхон ТЭЗҮ хийгдсэн, усныхаа нөөцийг хуримтлуулах, санхүүжилт босгохоор хөөцөлдөж байна. Энэ бол Засгийн газрын “Шинэ сэргэлт”-ийн бодлого, мөрийн хөтөлбөрт тусгасан том ажил. Хэнтий аймаг Хэрлэн тооно уулан дээр гэхэд 40м өндөр, 2600 урттай шороон боомт барихад 1,6 тэрбум м.куб ус хуримтлуулах боломж байна гэсэн тооцоо гарсан. Тэр уснаас жилдээ 120-130 сая м,куб усыг говь хээрийн тал бүсэд өгвөл хүн ам, мал аж ахуй, үйлдвэрлэлийн салбарыг хангах боломжтой.
-Туул гол дээр ус хуримтлуулах боомт барина гэж хэдэн жилийн өмнө ярьж байсан. Энэ ажил юу болсон бэ?
-Ерөнхийдөө, Туул гол дээр олон зориулалттай усан цогцолбор барьж, гадаргын усыг хуримтлуулан Улаанбаатар хотын өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах, мөн газрын доорх усыг ашиглаж усны нөөцийг нэмэгдүүлэх талаар судалж байсан. Одоогоор Мянганы сорилын сангийн төсөл хэрэгжиж байгаа учраас яригдахгүй. Энэ төсөл хэрэгжсэний дараа Туул гол дээр хэд хэдэн боомт барихаар зураг төсөл хийгдсэн тул хэрэгжих нь дамжиггүй юм.