Улаанбаатар хотод 2022 онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891.2 метр урт гүүр, 80850 ам метр явган хүний зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Тэдгээр авто замыг шинээр тавьснаар замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурах тооцоо гарчээ. Тус 22 байршлаас ес нь төсвийн тодотголоор хасагдаж, үлдсэн 13 байршилд ажил үргэлжлэхээр болсон юм.
Сонгинохайрхан дүүргийн хувьд хэд хэдэн газар шинээр зам тавихаар төлөвлөжээ. Эрчим хүчний гудамжнаас “Монос Фарм Трейд” ХХК хүртэл буюу "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн талаар 1.74 км авто зам тавих ажлын хүрээнд явган хүний замын нөлөөлөлд өртсөн хашааг буулгах, дөрвөлжин хоолой угсрах, далангийн дээд үе болон буталсан чулуун суурь үеийг хийх, ус зайлуулах байгууламж суурилуулах зэрэг ажлууд бүрэн дуусжээ. Явган хүний болон замын хашлага тавих, суурь бэлдэх, авто замын хашлага тавих зэрэг ажил үргэлжилж байна. Цамбагараваас хойш Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хүртэлх Дэнжийн замын хучилтыг хийхэд бэлэн болжээ.
Мөн тендер нь нээх болоогүй ажлууд хүлээгдэж байгаа аж. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүрэг, Толгойтын авто замыг Ард аюушийн өргөн чөлөөтэй холбох 2.4 км авто зам, ард аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцлол, Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүргийн авто замын баруун талаас 22-ын товчооны баруун талын гарц хүртэлх 8.0 км замын үлдсэн хэсэг болох 5.367 км авто замын тендер одоогоор нээгдээгүй байна.