Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхлэгчдийг шалгажээ. Өнөөдрийн байдлаар Сангийн яамнаас “Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт есөн аж ахуйн нэгж байгаагаас “Монгол сугалаа”, “Түшиг говь хангай”, ”Саятан лото”, “Чинчухажир”, “Эгнэшгүй Их” ХХК-иуд зэрэг таван аж ахуйн нэгж сугалаа гаргах үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна. Шалгалтаар “эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” үйл ажиллагаатай холбоотой дараах зөрчлүүд илэрч, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Үүнд: “Он жим” ХХК, ”Нүүдэлчин гэр” ХХК зэрэг аж ахуйн нэгж нь ”эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж, улмаар сугалааны шууд нэвтрүүлгийг телевизүүдээр нэвтрүүлж байсан ба тухайн аж ахуй эрхлэгчдийн зөрчлийг таслан зогсоох талаар ШӨХТГ-ын даргын 01/1350 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” хугацаатай албан бичгийг хүргүүлсэн байна.
Нийтийн цахим орчинд “эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж байгаа нь хууль эрх зүйн зохицуулалтгүй байх тул боловсронгуй болгох, тусгай зөвшөөрөлд тусгасан нэрийг дур мэдэн өөрчилдөг, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад үйл ажиллагаа эрхэлсэн, тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалаа борлуулж, хариу мессэж илгээх, үнэ, тарифын талаар урьдчилан мэдээллээр хэрэглэгчийг хангахгүй байх зэрэг зөрчил илэрсэн байна.
“Саятан Лото” ХХК-ийн зүгээс 1900-0000 тусгай дугаараар “Үндэсний сугалаа” нэртэй сугалааг эрхлэн явуулахдаа тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалаа явуулсан, хариу мессэж илгээх болон үнэ, тарифын талаар урьдчилан мэдээллээр хангаагүй зэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн байх тул 5 сая төгрөгийн торгууль ногдуулах арга хэмжээ авчжээ.