Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Цэцэгдулам: Сонгинохайрхан дүүргийн 15960 иргэн тоон гарын үсгээ аваад байна

Ангилал
Сонгинохайрхан Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
4 минут 39 секунд

Улс орон даяар тоон гарын үсгийн олголт эхлээд багагүй хугацаа өнгөрөөд буй. Сонгинохайрхан дүүрэг дэх тоон гарын үсгийн олголт хэдэн хувьтай явж байгаа талаар дүүргийн УБЕГ-ын Иргэний бүртгэлийн тасгийн дарга бөгөөд Улсын ахлах бүртгэгч Г.Цэцэгдуламтай ярилцлаа.

-Өнгөрсөн тавдугаар сараас тоон гарын үсгийн олголт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт хэдэн иргэн аваад байна вэ?

-Улсын хэмжээнд 260 мянган иргэн тоон гарын үсгээ аваад байна. Харин Сонгинохайрхан дүүргийн хувьд өнөөдрийн байдлаар 15960 иргэн авсан байна. Цэцэрлэг, сургуулийн бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор тоон гарын үсэг авах иргэдийн хүсэлт өнгөрсөн долоо хоногоос эрчимжээд байна.

- Ачаалал хэдэн хувиар өсөв?

-Сая наймдугаар сарын 1-нээс эхлээд иргэд маш их хүсэлт өгч, авч байна. Цэцэрлэгийн хүүхдээ бүртгүүлэхэд тоон гарын үсэг аваад кодоо явуулах шаардлагатай учраас иргэдийн хүсэлт огцом өссөн хэрэг. Ачаалал 50 хувиар нэмэгдчихээд байгаа. Ганц цэцэрлэг, сургууль гэлтгүй төрийн болон банк санхүү, хууль эрх зүйн бүхий л үйлчилгээг авахад зайлшгүй хэрэгтэй шүү дээ.

-Зарим иргэн тоон гарын үсгийг өөрт хамааралгүй мэт ойлгоод байгаа. Та манай уншигчдад ач холбогдол, хэрэглээг нь тайлбарлаад өгөхгүй юу?

-Тоон гарын үсэг нь иргэдийг төрийн үйлчилгээг авахын тулд төрийн байгууллагыг зорих шаардлагагүй болгож байгаа ухаалаг үйлчилгээ шүү дээ. Танд ухаалаг утас л байвал байгаа газраасаа төрийн болон банк санхүү, хууль эрх зүйн бүхий л үйлчилгээг авчихна. Нөгөөтэйгүүр, тоон гарын үсэг нь таны хувь хүний нууцыг хамгаалж байна гэсэн үг. Жишээ нь, ямар нэгэн үйлчилгээ авахад нэрээ, насаа, хэдэн хүүхэдтэй, нөхөртэй юу гэх мэт асуултад олны өмнө хариулах шаардлагатай болдог. Энэ бол тухайн хүний эмзэг сэдэв, олны өмнө хариулмааргүй байж болно шүү дээ. Тэгвэл тоон гарын үсэг нь тодорхой алгоритм, тодорхой технологиор шифрлэгдсэн, тухайн иргэнийг таних түлхүүр.

-Хурууны хээгээ уншуулдаг технологийн ухаалаг шийдэл гэж ойлгоод байгаа?

- Тийм. Тоон гарын үсэг бол хурууны хээгээр үйлчилгээ авдаг байсантай ижил, эн тэнцэхүйц учраас иргэд эхний удаад зайлшгүй өөрийн биеэрээ ирж, өөрийгөө таниулсны дараа тоон гарын үсгээ авах ёстой. Нөгөө талаар, цахим үйлчилгээний цаана буй аюулгүй байдлыг хангаж байна.Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр хувь хүмүүс болон албан байгууллагууд орон зай, цаг хугацааг үл хамааран албан харилцаагаа явуулах боломж ч бүрдэж байна. Түүнчлэн, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд төрийн болон бусад бүх төрлийн цахим үйлчилгээг авах, банк санхүү, төлбөр тооцоо хийх, гэрээ хэлцэл байгуулах, даатгал, эрүүл мэндийн үйлчилгээг авах боломж бүрдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Тоон гарын үсгээ авсан бол Эмээлтэд байгаа Дорж байгаа газраасаа л асуудлаа шийдэж, цагаа хэмнэнэ гэсэн үг. Доржийн мэдээллийг ч хамгаалж байгаа гэсэн үг.

-Тоон гарын үсгээ авахын тулд хаана, хэнд хандах вэ?

-СХД-ийн 43 хорооны дийлэнхэд нь улсын бүртгэгч хариуцаад сууж байгаа. Иргэн хорооныхоо улсын бүртгэгч дээр иргэний үнэмлэхтэйгээ өөрийн биеэр очоод хурууны хээгээ дарахад эргээд утсанд нь нэг минутын дотор тоон гарын үсгийн нэвтрэх код 12 оронтой нууц үгтэйгээ очиж байгаа. Одоогийн байдлаар сургуулийн багш нар, цагдаа, дүүргийн ажилтнууд авсан. Эсхүл заавал өөрийн хороо гэлтгүй харьяалал харгалзахгүйгээр улсын бүртгэлийн байгууллагын бүх нэгжээс тоон гарын үсгээ авч болно.

Нийслэлд“ Ковид-19”  81 тохиолдол бүртгэгдлээ
Нийслэлд“ Ковид-19” 81 тохиолдол бүртгэгдлээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.